Тарваган тахал өвчний халдвар авсан нэг иргэн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 9-р сарын 3-нд тарваган тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт гурван тохиолдол батлагдаж, нэг иргэн амиа алджээ. Дээрх гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлаар 96 хүнийг тодорхойлж тусгаарласан байна. Мөн эмнэлгийн ажилтнуудаас 41 болон гэр бүл, ойрын хүрээллийн 55 хүнийг тусгаарлажээ. Улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, гарах хөдөлгөөнийг 3 хоног хориглоод байна.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Энэхүү тахлаар тарвага, зурам, үлийн болон гэрийн цагаан оготно зэрэг мэрэгч амьтад өвчлөхөөс авахаас гадна хүнд халдварлах нь хурдан, хоруу чанартай тахал юм. Өвчилсөн амьтны маханд хүрэлцэх, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд мөн уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамждаг байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тахал гарснаас шалтгаалан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Улмаар сумдын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 7 хоног зогсоосон байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

Манай улсын нийт нутгийн 21.5 хувь нь тахлын голомттой байна гэсэн дүгнэлт гарчээ.  Хөвсгөл, Булган, Ховд зэрэг 6 аймгийн сумдад тарвага агнах зөвшөөрөл олгосон байна. Үүнтэй холбогдуулан тарвага агнах тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд үүний хэрээр нийслэл хот руу тарвага тээвэрлэх худалдаалах зөрчил нэмэгдсээр байна. Тарваган тахлын голомтод бүс нутагт зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримталж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна.