Нийслэлийн хэмжээнд 36 сургуулийн 480 бүлэг түрээсийн байранд хичээллэж байна

Урьдчилан тооцоолсноор энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 830 мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд суралцах байсан. Гэвч хичээлийн жил эхлэхэд зөвхөн Хан-Уул дүүрэгт гэхэд тооцооллоос давж, 10 мянга гаруй сурагч шинээр шилжин суурьшсан нь сургуулийн ачааллыг эрс нэмэгдүүлжээ. Ингэснээр гэнэтийн хүн амын өсөлтөөс шалтгаалан сургуулийн хүртээмж хүрэлцэхгүй болж, зарим сургууль түрээсийн байр авч, сургалтын зориулалтаар ашиглаж байна. Энэ нь анги дүүргэлтийг бууруулах түр зуурын шийдэл боловч сурагчдын суралцах орчин, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байна.

Ерөнхий боловсролын сургуулийн стандартын дагуу нэг ангид дээд тал нь 30 сурагч суралцах ёстой бөгөөд нэг хүүхдэд дор хаяж 1.6 м квадрат талбай ногдохоор тооцогддог. Энэ нь зөвхөн талбайн хүрэлцээ бус, агаарын чанар, сурах орчинд чухал ач холбогдолтой. Гэвч энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 130, 21, 14, 34, 141, 115, 32 зэрэг сургуулиудад нэг ангид дунджаар 50-иас 60 сурагч суралцаж байна. Ингэж хэт олон хүүхэд нэг дор хичээллэх нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна сурагчдын эрүүл мэнд, сурах эрхийг хязгаарлаж байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуулийн даац хэтэрснээс үүдэн нийслэлийн хэмжээнд хэд хэдэн сургууль түрээсийн байр ашиглан хичээллэж байна. Тухайлбал, нийслэлийн 52-р сургууль энэ хичээлийн жилд 3800 сурагчтайгаар 92 бүлэг хичээллэж байгаа бөгөөд үүнээс 7 бүлэг, 328 сурагч нь сургуулийн үндсэн байрнаас гадуур, түрээсийн байранд хичээллэж байна. Ингэж түрээсийн байр ашиглах нь анги дүүргэлтийг бууруулах богино хугацааны шийдэл боловч сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэлд нийцэхгүй байгаа юм. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага болон орчны аюулгүй байдлын стандарт хангагдаагүй, өөр зориулалтын байранд хүүхдүүд хичээллэж байгаа юм.

Гэвч энэ хичээлийн жилд 17 ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил дууссан ч ашиглалтад ороогүй хэвээр байна. Хэрэв эдгээр сургууль ашиглалтад орвол тухайн байршлын сургуулиудын ачаалал багасаж, нэг ангид ногдох сурагчдын тоо буурах боломжтой юм.