Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйг хордуулж алсан гэж түүний гэргий нь мэдэгджээ. 2024 онд Алексей Навальный 19 жилийн хорих ялаа эдлэх үедээ шоронд учир битүүлгээр амиа алдсан бөгөөд Орос улсын хууль сахиулах байгууллагаас үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлээгүй юм.
Тэгвэл Оросын сөрөг хүчний идэвхтнүүд Алексей Навальныйг оршуулахаас өмнө биологийн дээжийг нь нууцаар авч чадсан төдийгүй дээжийг нь хил давуулж амжжээ. Алексейн Навальныйгийн эхнэрийн хэлснээр Оросоос хууль бусаар авч явсан биологийн дээжийн шинжилгээгээр нөхрийг нь хордлогын улмаас нас барсан болохыг нотолсон юм байна.
Лхагва гарагт Х сайтад нийтлэгдсэн видео бичлэгт Юлия Навальный "2024 оны 2-р Сард бид Алексейгийн биологийн дээжийг авч, хилийн чанадад нууцаар гаргах боломжтой болсон" гэж хэлсэн байна. Түүнчлэн хоёр өөр улсын лаборатор дээжийг бие даан судалж, Навальныйг хордуулсан гэж үзсэн ч аюулгүй байдлын үүднээс шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд танилцуулахгүй байгаа юм байна.
Мөн Навальныйгийн эхнэр шинжилгээгээр яг ямар хор илэрсэн, ямар дээжийг авсан зэргийг ил болгоогүй байна. Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдэгдэлтэй холбогдуулан өгөх тайлбар байхгүй гэж мэдэгдлээ. Путины засаг захиргааг шүүмжилсээр байгаа Навальныйгийн эхнэр өдгөө хилийн чанадад зугтан амьдарч байгаа юм. ОХУ-ын шүүх өнгөрсөн оны 7-р Сард түүнийг хэт даврагч бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон хэргээр баривчлах шийдвэр гаргажээ.