АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангийн бодлого тодорхойлогчид энэ онд анх удаа жишиг хүүгээ буурууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн бодлогын хурлынхаа дараа Холбооны нөөцийн сан өнгөрөгч Лхагва гарагт бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.
Одоогоор ХНС-ийн зорилтот хүүгийн түвшин 4-4.25 хувийн хооронд байна. Тус сангийн бодлого боловсруулагчид Ерөнхийлөгч Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ бууруулж байгаа бөгөөд цагаан ордон, Д.Трампын зүгээс дарамт, шахалт үзүүлсний дараа ийм шийдвэр гарч байна.
Лхагва гарагт холбооны нөөцийн сан жишиг хүүгээ дөрөвний нэг хувиар бууруулсан бол энэ онд дахин хоёр удаа зээлийн хүүгээ бууруулахаар төлөвлөж байна. Энэ алхам нь ХНС инфляцын өсөлтийг хязгаарлахын төлөө тэмцэхээс илүүтэйгээр удааширч байгаа эдийн засгаа дэмжихийг урьтал болгож байгааг харуулж байна. ХНС-ын зорилго бол мөнгө зээлэхийг илүү амар хялбар болгох замаар эдийн засгаа сэргээх явдал юм. Бодлогын хурлын дараа ХНС-ын тэргүүн Жером Пауэлл эдийн засагтай холбоотой шинж тэмдгүүдэд үндэслэн зээлийн хүүгээ бууруулсан гэж мэдэгдлээ. Тэрээр "Ажилгүйдлийн түвшин бага хэвээр байгаа ч сүүлийн үед энэ тоо огцом өссөн. Ажлын байрны өсөлт удааширч, ажил эрхлэлт буурах эрсдэл нэмэгдсэн." гэж хэллээ. Түүнчлэн тэрээр Трампын тарифын нөлөөллийн талаар дурдаж, "Үнийг өсгөж" эхэлсэн ч ерөнхий үр нөлөөг харах л үлдлээ хэмээн цааш хэлсэн байна.
АНУ-д инфляцын заналхийлэлтэй харьцуулахад хөдөлмөрийн зах зээл уналтад орж эхэлснээр эрсдэлийн "Өөр дүр зураг" бий болж байна гэж эдийн засагчид хэлж байна. Мөн "ХНС-гийн бодлогын хүүгийн бууралт нь "Нэн даруй гайхамшгийг бүтээдэггүй" болохыг онцолж байна. "Мөнгөний бодлогын өөрчлөлт нь эдийн засгийг бүхэлд нь даван туулахын тулд нэг жилээс хоёр жил хүртэл хугацаа шаардагддаг" гэж шинжээчид үзэж байна.