Иргэн: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд дор хаяж нэг сар хүлээж байна

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд багадаа 1 сар хүлээх шаардлага тулгарч байна. Учир нь эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, орны хүрэлцээ хангалтгүй, төсөв мөнгө байхгүй, санхүүжилтгүй гэх шалтгааныг эрүүл мэндийн байгууллагаас хэлдэг. Хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ирэх оны улсын төсөвт 1 их наяд гаруй төгрөгийг тусгасан ч эрүүл мэндийн даатгалын санд үүссэн будилаантай асуудлаас шалтгаалан санхүүжилт удаашрах төлөвтэй байна. 

Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх иргэд олон хоногийн турш дараалал хүлээн зогссоор байна.Тухайлбал иргэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд багадаа гурван хоногийг зарцуулдаг байна. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн хувьд тухайн бүс нутагт нь эмнэлгийн хүртээмж хангалтгүй байдаг тул нийслэл рүү зорих гол шалтгаан болдог. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардлыг нэмэгдүүлэхээс гадна төв эмнэлгүүдийн ачааллыг улам бүр нэмэгдүүлж, хүртээмжийг хязгаарласаар байна.

Өнгөрсөн оны эхний 10 Сарын байдлаар улсын хэмжээнд 853 мянга гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нийтдээ 5 сая 800 мянган ор хоног ашиглагдсан. Ингэснээр орны ашиглалт дунджаар 64.7 хувиар өсөж, нэг өвчтөнд ногдох дундаж ор хоног 6 хоног болсон байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. 

Ирэх оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, орны тоо нэмэгдүүлэн, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 1 их наяд 200 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан байна. Гэсэн эрүүл мэндийн даатгалын сангийн будилааны асуудлыг шийдвэрлэхгүйгээр салбарын хүртээмжийн хүндрэлийг бүрэн арилгах боломжгүйг салбарын сайд онцоллоо.  

Эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэхээс гадна оношилгооны чанар, үйлчилгээний хурд, бүс нутгийн эмнэлгүүдийн чадавхыг сайжруулахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудал шийдэгдэхгүй гэдгийг мөн салбарын сайд анхааруулж байсан юм.