Өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл, хөдөлгөөн улс орон даяар өрнөж эхэлснийг мэдэгдлээ. Засгийн газар, Боловсролын яамнаас ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” гэж зарласан ч бодит байдалд тус салбар улам уналтад ороод байгааг сануулсан байна.
—Боловсролын салбар 2024-2025 оны хичээлийн жилд 4200 багшийн дутагдалтай байсан бол энэ хичээлийн жилд 3800 багшийн дутагдалтай байна. Тэгвэл багшийн дутагдлын гол шалтгаан нь цалин хөлс, нийгмийн баталгаа дутмаг байдал гэдгийг онцолж байгаа юм.
—Өнөөдрийн байдлаар багшийн дундаж цалин 1 сая 400 мянган төгрөг байна. Үүнээс татвар шимтгэлээ хасуулаад 1 сая гаруй төгрөгийг гар дээрээ авч байгаа нь өдөр тутмын хэрэгцээгээ хангахад хүндрэл үүсгэдэг байна.
—Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагын багш нар хичээлийн хэрэглэгдэхүүнээ өөрсдөө бэлддэг. Өөрөөр хэлбэл, хичээл заахад нэмэлтээр ашиглах хэрэглэгдэхүүнд тусдаа мөнгө төсөвлөж өгдөггүй тул өөрсдийн цалингаас хайч, цавуу, өнгийн цаас зэрэг жижгээс том хэмжээтэй бүх хэрэглэгдэхүүнийг авдаг байна.
—Тиймээс багш нар цалинг хамгийн багадаа 3 сая 500 мянган төгрөгт хүргэхийг шаардаж, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Хэрэв Засгийн газар, салбар яамнаас ямар нэг хариу өгөхгүй бол эцсийн дүнд ажил хаялт зарлахад ойрхон байгаагаа анхааруулсан байна.
Жилээс жилд өсөж буй хүн амын өсөлтийг дагаад боловсролын салбарын ачаалал ч нэмэгдсээр байгаа. Хэдхэн жилийн өмнө ерөнхий боловсролын нэг ангид хамгийн 30 хүүхэд суралцаж байсан бол өнөөдөр нэг ангид 60-70 хүүхэд суралцах нь хэвийн үзэгдэл болоход ойрхон болжээ. Сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал багш нарын нуруунд хамгийн том ачааллыг үүрүүлж байгаа ч тэд хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй байна.
Угтаа Засгийн газар, Боловсролын яамнаас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлаад байгаа. Мөн улсын хөгжлийн хамгийн чухал нь хүн тул Засгийн газар хүн төвтэй үзлийг баримтална гэж удаа дараа хэлж байгаа ч бодит байдалд хэрэгжихгүй байгаад багш нар бухимдалтай хандаж байна.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багшийн үндсэн цалинг 3,500,000 төгрөг болгох шаардлага тавьж байна. Тэд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийг 27 хүнтэйгээр байгуулж, тэмцлийг эрчимжүүлэх төлөвлөгөөг гаргажээ. Энэхүү маргааныг шийдвэрлэхэд тус холбоонд гишүүнчлэлтэй ЕБС болон СӨБ-ын бүлгүүд анхан шатны хурлаа хийж, тогтоол шийдвэрээ гаргаж байгаа юм байна.