Талибууд Афганистаны зарим бүс нутагт интернэт үйлчилгээг хоригложээ

Афганистан дахь Талибаны түр засгийн газар тус улсын зарим бүс нутагт интернэт үйлчилгээг хориглосон гэж НҮБ-аас мэдэгдлээ. Тухайлбал Афганистаны газар нутгийн 70 гаруй хувьд  шилэн кабелиар интернэтэд нэвтрэхийг хориглосон бөгөөд энэ талаар Талибууд албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

Хэдийгээр өмнө нь Талибаны түр засгийн газраас насанд хүрэгчдийн кино контентыг хязгаарлахаар бэлтгэж байгаа гэж мэдэгдсэн ч интернэт үйлчилгээг бүхэлд нь хориглосон нь олон нийтийн анхаарлыг татаж байна. 

Афганистаны иргэд гар утасны датаг хязгаарлалттайгаар ашиглаж болох ч зөвхөн бизнесийн зорилгоор ашиглахыг зөвшөөрөх юм байна. Харин интернэтийг “Файбер-оптик” буюу wifi хэлбэрээр ашиглахыг бүрэн хориглох юм байна. 

Талибаны засгийн газар интернэтийг ёс зүйн, шашны эсвэл уламжлалт үнэт зүйлсийн зөрчил үүсгэж магадгүй гэж үзсэн тул энэ төрлийн үйлчилгээг хориглосон гэж шинжээчид үзэж байна. Мөн мэдээллийн урсгалыг хязгаарлахын тулд олон нийтийн мэдээлэл авах, бүлэг үүсгэх, засгийн газрын эсрэг босох эрсдэлээс болгоомжилж интернэтийг хязгаарласан байж магадгүй байна. 

Интернэтийг хориглосноор хэрэглэгчид, оюутнуудын хувьд цахимаар боловсрол эзэмших, хамтын ажиллагаа, мэдээлэл олж авах боломж үлэмж хэмжээгээр хязгаарлагдаж байгаа юм. Мөн бизнесийн үйл ажиллагаа доголдож, харилцаа холбоо ч саараад зогсохгүй цаашлаад хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдээлэл авах эрх ч зөрчигдөнө гэж үзэж байна.