Энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын армийн хөөргөсөн 10 гаруй дрон Польш улсын агаарын орон зайд нэвтэрснийг сөнөөгч онгоцноос пуужин харваж устгасан юм. Тэгвэл польш улсын Батлан хамгаалах яам Орос улсын хөөргөж байгаа Шахед дрон, пуужингуудыг өндөр нарийвчлалтайгаар устгаж байгаа Украины армийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа Киевийн талд уламжилсан байна.
Пүрэв гарагт Украины нийслэл Киев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Польш улсын Батлан хамгаалахын сайд Владислав Косниак-Камыш Украин улсын засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарлаж, “Хоёр улсын арми Польшийн өмнөд хэсэгт орших Липа тосгонд бэлтгэл сургуулилалт явуулна” гэж мэдэгдлээ.
Тэгвэл түүний үгийг батлан Украины Батлан хамгаалахын сайд Денис Шмигал “Бид Польшийн цэрэг, инженерүүдийг сургаж, агаарын орон зайгаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх болно. Украин болон Европын бусад улс орнуудад ОХУ-аас ирэх аюул заналхийлэл өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед бид хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Хоёр улс хамтын ажиллагааны гэрээ Орос улсын хөөргөсөн дронууд НАТО-ын гишүүн Польш улсын агаарын хилийн зурвасыг давсны дараа байгуулагдаж байна. Тэдгээр нисгэгчгүй онгоцыг устгахын тулд Польш улс өндөр зардалтай гэгддэг f-35 сөнөөгч онгоцноос ч өндөр өртөгтэй пуужин ашигласан юм. Тэгвэл үүнийг хямд үнэтэй, олноор үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцыг устгахад хэтийдсэн зардал гэж НАТО-ын албаныхан хэлж байгаа юм.
Украины арми Оросын нисгэгчгүй онгоцны томоохон довтолгоог няцаахын тулд хамгийн хямд, мөн боломжит хувилбарыг ашиглаж байгаа нь НАТО-ын хувьд шинэ зүйл юм. Украйнчууд оросын дроныг устгахын тулд хариу сөнөөгч онгоц, пулемёт, электрон төхөөрөмж зэрэг цогц систем ашиглаж байгаа юм байна.
Украин улсын Батлан хамгаалахын сайд Д.Шмигал Польшийн цэргүүдэд зориулсан сургалт нь дроныг хэрхэн саатуулах, байршлыг тодорхойлох, электрон төхөөрөмжөөр агаарт саатуулах, устгах зэрэг бүхэл бүтэн "Экосистемийг" хамарна гэж мэдэгджээ.