Улсын Их Хурлын 76 гишүүн нэгдэж тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын дарга Амарбаясгаланд өргөн барилаа. 2023 оны судалгаагаар өсвөр насны 5 хүүхэд тутмын 1 нь янжуур тамхи татдаг бол, 4 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи татаж байна. Гэвч манай улсад электрон тамхитай холбоотой ямар нэг зохицуулалт байхгүйгээс гадна энэ төрлийн тамхийг цахилгаан барааны ангилалд багтааж хилээр нэвтрүүлдэг. Тиймээс хуульд нарийн зохицуулалт оруулж, үйлчлэх хүрээг өргөсгөх шаардлага тулгарчээ.
Тамхины хяналтын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдээс танилцуулъя
—Хуулийн төсөлд тусгаснаар электрон, халаадаг, усан, наадаг гээд шинэ тутам хэрэглээнд нэвтэрч байгаа тамхийг янжуур тамхитай адилтган авч үзэж, тамхин бүтээгдэхүүн гэсэн ангилалд хамруулах юм байна.
—Харин амт, үнэр оруулагч болон нэмэлт химийн бодистой тамхи, тамхин бүтээгдэхүүнийг монгол улсад худалдан борлуулахыг бүр мөсөн хориглохоор хуулийн төсөлд тусгажээ.
—Мөн бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн албан татвар 30 хувь байна. Харин онцгой албан татварыг 2030 он хүртэл бүтээгдэхүүн тус бүр дээр үе шаттай нэмэгдүүлнэ гэж заасан байна.
—Ингэснээр тамхины татварын орлогын 50 хувийг боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих чиглэлд зарцуулна гэж тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Манай улсын нийт нас баралтын 17 хувь нь тамхидалтаас шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл, жил бүр ойролцоогоор 4000 гаруй хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас бардаг гэсэн үг. Мөн жилд зөвхөн уушгины хамааралтай өвчлөлд 800 орчим тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Гэвч өдөр ирэх тусам тамхи, тэр дундаа шинэ төрлийн элдэв тамхины хэрэглээ өсвөр үеийнхэн дунд эрчимтэй нэмэгдэж байгаа тул УИХ-ын 76 гишүүн нэгдэж тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барилаа.
2023 оны судалгаагаар 5 хүүхэд тутмын 1 нь янжуур тамхи, 4 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи татаж байжээ. Харин 2025 онд энэ тоо огцом өсөж, хүүхдүүдийн 60 хувь нь электрон тамхи татаж үзсэн, 33 хувь нь байнгын хэрэглээтэй болсон гэх судалгаа байна.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн албан татвар 30 хувь болгож, онцгой албан татварыг 2030 он хүртэл бүтээгдэхүүн тус бүр дээр үе шаттай нэмэгдүүлнэ. Мөн бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хүний нүдэнд харагдахаар ил байршуулж худалдаалахгүй бөгөөд амт, үнэр оруулагч нэмэлт химийн бодистой тамхи, тамхин бүтээгдэхүүнийг монгол улсад худалдан борлуулахыг хориглоно гэж заажээ.
Электрон тамхи нь амьсгалын замын үрэвсэл үүсгэж, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөхөөс гадна электрон тамхи нь тамхинаас гаргах хэрэгсэл бус харин ч никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурджээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж, баталсан тохиолдолд нийгэмд үйлчилж эхлэх юм.