“Techweek” Олон улсын арга хэмжээ манай улсад анх удаа зохион байгуулагдаж байна

Олон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Techweek” буюу технологийн 7 хоног арга хэмжээг манай улс анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцээд зогсохгүй бүх талын оролцоог хангах үндэсний платформыг бий болгохоор зорьж байгаа юм байна. 

Арга хэмжээний үеэр манай улсын технологийн компаниуд болон гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, Олон улсын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдтэй холбогдох боломж бүрдэж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дижитал шилжилт, инновацыг дэмжих нь тус арга хэмжээний гол зорилго гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Мөн салбарын дундах хэлэлцүүлгүүд болж, дижитал бодлого, хиймэл оюун ухааны хөгжил, технологийн салбарын хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хөндөх юм.

Технологийн 7 хоног арга хэмжээний эхний өдрийн гол сэдэв нь хиймэл оюун ухаан бөгөөд сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж байна. Иймд үндэсний хэмжээнд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, цаашлаад монгол хүнд зориулсан, хэл, соёлын онцлогийг тусгасан шийдлийг бий болгох чиглэлээр ажиллаж эхэлжээ. Мөн хиймэл оюун ухаан нь зөвхөн цахим сүлжээ, контент бүтээлтээр хязгаарлагдахгүй, банк санхүү, бизнесийн бүхий л салбарт өргөн хэрэглэгдэх болсон байна. 

“Techweek” буюу технологийн 7 хоног арга хэмжээ нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж, энэ Сарын 19-өөс 26-ны хооронд болох юм байна. Технологийн 7 хоног арга хэмжээг хувийн хэвшлийн байгууллагууд санаачилж, цахим хөгжил, инновац, Харилцаа холбооны яам, мэдээллийн технологийн үндэсний парк зохион болон бусад төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.