Өнөөдөр УИХ-ын чуулганаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн албан хаагчдаас цомхотголд оруулахаар болсон. Гэвч үүнээс үүдэн ажилгүйдлийн тэтгэмж олгох сан, тэтгэврийн сангийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх, ачааллаа даах эсэх асуудлыг хэлэлцүүлгийн үеэр гишүүд хөндлөө.
Тодруулбал ирэх онд төрийн албан хаагчийн есөн хувийг цомхотгохоор тооцоолжээ. Төрийн албан хаагчдыг цомхотгох аргачлал байхгүй, процессын дахин инженерчлэлтэй хэрхэн уялдах нь тодорхойгүй байгаа талаар гишүүдийн зүгээс санууллаа. Одоогийн байдлаар цомхотголын ажил эхэлсэн бөгөөд тодорхой тооны хүнийг ажлаас чөлөөлөх квот авчихсан байгууллагууд цөөнгүй байгаа юм. Мөн энэхүү шийдвэрийг дагаад 7000 мянган хүн тэтгэвэрт гарах өргөдлөө өгчээ. Эдгээр хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмжид 375 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоологдож байна харин жилд 14 мянга орчим хүн тэтгэвэрт гардаг байсан бол тэрхүү 7000 хүн нэмэгдэхээр 21 гаруй мянган иргэн тэтгэвэрт гарахаар болж байна. Үүнийгээ дагаад төсвийн ачаалал нэмэгдэж байгаа юм. Тэтгэвэртээ гарч байгаа болон ажлаас гарч байгаа иргэнд зайлшгүй олгох шаардлагатай мөнгөн тэтгэмжийг өгөхөд ажилгүйдлийн сан нийгмийн даатгалын сангийн ачаалал дийлэх үү гэдэг асуудал ийнхүү хөндөгдөж байна.
Одоогийн байдлаар 227 мянга орчим төрийн албан хаагч байна төрийн албаны цалин дундаж цалингаас доогуур байдаг ч баталгаатай ажлыг байрт тооцогддог. Хэрэв гэнэтийн цомхотгол хийвэл олон мянган иргэн тогтмол орлогоо алдаж, өрхийн амьдралд санхүүгийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй юм үүний зэрэгцээ ажилгүйдэл өсөж, өрхийн хэрэглээ буурч, жижиг бизнесүүдийн орлогод ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг эдийн засагчид анхааруулдаг.