АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гадаадын мэргэшсэн ажилтны визийн хураамжийг 100 мянган ам.доллар болгожээ 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өндөр ур чадвартай мэргэшсэн гадаадын ажилчдын визийн зохицуулалтыг чангаруулах зарлигт гарын үсэг зуржээ. Тухайлбал тэрээр H-1B гэж нэрлэгддэг визийн мэдүүлгийн хураамжийг 100 мянган ам.доллар болгосон төдийгүй виз мэдүүлэгч нь нэг удаагийн өндөр дүнтэй хураамжийг төлснөөр нэгдсэн улсын хилийг давах эрхтэй болох юм байна. 

H-1B төрлийн виз нь гадаадын программ хангамжийн инженерүүд болон бусад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг АНУ-д ажиллах эрх олгодог байна. Мөн одоогоор ийм виз эзэмшигчид нь жил бүр 215 ам.доллар төлж байгаа юм. 

Тэгвэл АНУ дахь шинжлэх ухаан, технологи зэрэг салбарт мэргэшсэн гадаадын ажилчдын тоо 2000-аас 2019 оны хооронд хоёр дахин нэмэгдэж 2.5 сая болсон тул ийм арга хэмжээ авч байна гэж албаны тайлбарт бичжээ. Мөн мэргэшсэн ажилчид визийн хөтөлбөрийг урвуулан ашигласан гэж буруутгажээ. 

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник шинэ визийн бодлого нь өөрийн улсын ажиллах хүчийг хамгаалах тухай гэж тайлбарлалаа. Тэрээр “Гадаадын иргэд АНУ-д тэтгэлгээр суралцаж төгссөнийхөө дараа тус улсад ажиллана. Харин орлогынхоо бараг тал хувийг эх орондоо илгээдэг эсвэл зарцуулдаг” гэж хэлсэн байна. Тэгвэл H-1B төрлийн виз эзэмшигчдийн 70 орчим хувь нь Энэтхэгийн иргэд байдаг аж. Мөн ийм визээр АНУ-д гурван жил ажиллаад, 6 жилээр нэг удаа сунгалт хийдэг байна.