Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед Их Британи, Канад, Австрали, Португал улсууд Палестины тусгаар улс, халдашгүй байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Үүний хариуд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хамас зэвсэгт байгууллага Палестин улсыг хүлээн зөвшөөрсний төлбөрийг төлнө” гэж мэдэгдлээ.
Ням гарагт Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер “Хамас-ыг харгис террорист байгууллага” гэж тодорхойлсон ч Израилыг газын зурвас дахь түрэмгийллээ зогсоохыг уриаллаа. Мөн тэрээр "Хоёр төрийн шийдлийн найдвар бүдгэрч байна. Гэхдээ бид энэ гэрлийг унтрааж болохгүй." хэмээн хэлсэн байна. Одоогоор 150 орчим улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бол “Долоогийн бүлэг”-ийн гишүүн орнуудаас ийм зөвшилцөлд хүрсэн эхний улсууд нь Канад, Их Британи болж байна.
Их Британи тэргүүтэй улс орнууд газын зурваст байлдааны ажиллагаагаа эрчимжүүлж байгаа Израилын эсрэг шахалт үзүүлэхийн зэрэгцээ гал зогсоох, урт хугацааны энх тайван тогтоох чиглэлд хүчин чармайлт гаргаж байна. Өнөөдөр буюу Даваа гарагт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Израил болон Палестины хооронд хэлэлцээрээр гал зогсоож, энх тайвныг тогтооход туслах бага хурал болно. Уг хурлыг Франц, Саудын араб даргална гэж мэдээлж байна. Энэ долоо хоногт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр хэд хэдэн улс орны удирдагч Палестины тусгаар улсыг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна.
Өнгөрөгч Ням гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестин улсыг хүлээн зөвшөөрч байгаа явдал нь "Терроризмд өгсөн асар том шагнал" гэж тодорхойлсон байна. Тэрээр “Иордан голын баруун эрэг дээр лав Палестин улс байгуулагдахгүй” гэж хэллээ. Мөн Нетаньяху АНУ-д айлчлал хийснийхээ дараа Израилын зүрхэн хэсэгт террорист улс байгуулах гэсэн сүүлийн оролдлогын хариуг барина” гэж анхаарууллаа. Тэгвэл Ням гарагт Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Палестины ард түмний өөрийгөө тодорхойлох, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь хоёр улсын шийдлийг хэрэгжүүлэх замыг нээж өгнө гэж онцлон тэмдэглэжээ. Гэхдээ одоогийн тэргүүлэх зорилтууд нь газын зурваст гал зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг тус бүс нутагт оруулах, Израилын цэргийг Анклаваас бүрэн гаргах, Баруун эрэгт Израилын суурьшлын үйл ажиллагааг зогсоох зэрэг багтаж байна гэж тэрээр хэлсэн байна.