ЕБС-ийн нэг ангийн 44 сурагчийн 16-д нь л сурах бичиг сугалаа хэлбэрээр олгогдож байна

Хичээлийн шинэ жил эхлээд сар орчим болж байгаа ч Нийслэлийн 6-12-р ангийн сурагчдын тал хувь нь сурах бичгээ гар дээрээ авч чадаагүй байна. Учир нь энэ хичээлийн жилд суралцаж байгаа нийт сурагчийн зөвхөн гуравны хоёрт л хүрэх хэмжээний сурах бичиг бэлэн байгаа юм байна. Боловсролын ерөнхий газраас сурах бичгийн нэмэлт захиалга авч, дахин хэвлүүлэх ажил эхлүүлсэн ч ирэх сарын эхэн хүртэл сурагчид сурах бичиггүйгээр хичээллэхээр байна.  

Хичээлийн эхний 7 хоногт Боловсролын яамнаас сурах бичгийг бүрэн тараасан гэж мэдээлсэн. Гэвч Нийслэлийн ихэнх сургуулиудад сурах бичиг бүрэн тараагдаж дуусаагүй байна. Тухайлбал, нэг ангид 44 сурагч байхад зөвхөн 16-д нь л сугалаа болон ар гэрийн боломжийн дагуу хуваарилж олгогдож байгаа аж. Номгүй үлдсэн хүүхдүүд сурах бичгийг түрээсээр болон эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр худалдан авах боломжтой хэдий ч одоо байгаа багц нь хүрэлцэхгүй байгаа тул зарим хүүхдүүд хичээлийн гол хэрэгсэл болох сурах бичиггүйгээр хичээллэж байна. 

Боловсролын ерөнхий газраас мэдээлэхдээ одоогоор бага ангийн сурах бичиг бүрэн тараагдсан ч 6–12-р ангийн сурах бичгийн хүртээмж бүрэн хангагдаагүй хэвээр байна. Энэ хичээлийн жилд 6–12-р ангид 416 мянга орчим сурагч суралцаж байна. Гэвч эдгээр сурагчдын хэрэглэх хангалттай сурах бичиг байхгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн 2019, 2022–2024 онд хэвлэгдсэн нийт 290 мянга гаруй багц сурах бичгийг сурагчдад түрээсээр олгож, 76 мянга орчим багц сурах бичиг худалдаалах боломжтой байна. Харин үлдсэн 60 мянга гаруй сурагчийн хэрэглэх багц сурах бичгийг дахин хэвлэж, ирэх сарын эхний долоо хоногт бүрэн тараахаар төлөвлөөд байгаа юм байна. 

Хичээлийн шинэ жил эхлээд аль хэдийн 3 долоо хоног өнгөрсөн байхад сурах бичгийн хүрэлцээгүй байгаа нь Боловсролын яамны зохион байгуулалт, менежментгүй ажиллаж байгаагаас үүдэлтэй гэдгийг Нийслэлээс шүүмжилж байна. Хувийн хэвшлийн сургуульд сурах бичгийн асуудал гардаггүй, зөвхөн улсын Ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр гарч байгаа нь үүний тод илрэл гэдгийг онцоллоо. 

Зөвхөн сурах бичгийн хүртээмжийн асуудал гэлтгүй боловсролын салбарыг тойрсон хүндрэл, бэрхшээлүүд ар араасаа хөвөрсөөр байна. Сургуулийн орчин, багшийн ачаалал, хүүхдийн тоо хэтрэлт зэрэг олон асуудал шийдлээ хүлээсээр байгаа нь суралцах орчны чанарт сөргөөр нөлөөлж байна. Иймээс боловсролын салбарын бодлого, зохион байгуулалтыг цогцоор нь шинэчлэх нэн шаардлага тулгарсаар байгаа юм.