Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “Намрын ногоон өдрүүд-2025” өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ. Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 600 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож, нийт 3000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна.
23 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлах, борлуулах боломж бүрддэг. Тус үзэсгэлэнд шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах, сүү сүүн бүтээгдэхүүнээс эхлээд хүнсний өргөн хэрэглээний бараа, хөнгөн үйлдвэрийн нийт 3000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зах зээлээс боломжийн үнээр худалдаалж байна. Тухайлбал, иргэдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох төмс дунджаар 3000 төгрөг, лууван 1500 төгрөгөөс 4000 мянган төгрөг, айраг 10 мянган төгрөг, ааруул 15 мянган төгрөгөөс 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулахын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой. Иймд иргэд жил бүр энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулагдахыг хүлээдэг болжээ.
Намрын хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “Намрын ногоон өдөр-2025” нэгдсэн үзэсгэлэн худалдаа нь төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-аас 28-ны хооронд зохион байгуулагдана.