Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 9-р Сараас мөрдөгдөж эхэлсэн. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэл буурахгүй өсөн нэмэгдсээр байна. Тус хуулийн шинэчилсэн найруулга хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс сэргийлэхэд чиглэсэн ч бодит хэрэгжилт асуултын тэмдэгтэй хэвээр байна. Мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү хуулийг байгаа оноогүй, иргэдийн ойлголт, хариуцлага дутмаг байгаа гэж шүүмжилж байна.
Дэлхийн хүүхдийн эрхийн 2022 оны индексийг “Kids rights foundation” болон “Erasmus” их сургууль хамтран гаргасан. Тус тайланд дурдсанаар Монгол улс хүүхдийн амьд явах эрхийг хэрхэн хангаж буйгаар 97, эрүүл мэнд 110, боловсрол 78, хүүхэд хамгаалал 91, ээлтэй хүрээлэн буй орчны хувьд 124-130 дугаарт жагсаж нийт дүнгээрээ 185 улсаас 97 дугаар байранд оржээ. Үүнээс харахад манай улс хүүхдийн үндсэн 4 эрх буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, сурч боловсрох эрхийг хангаж чадахгүй байгааг харуулж байна. Өдөр бүр хүүхдүүд ямарваа нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж бие махбод сэтгэл зүйн дарамт, хохиролд өртөж байна. Монгол улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэл эмзэг сэдэв хэвээр байгаа ч, эмзэглээд өнгөрөх бус үндэсний хэмжээнд анхаарч, бодлогын төвд авч үзэх шаардлагатай нөхцөл байдал болон хувирчээ. 2024 оны байдлаар бүртгэгдсэн хүүхдийн хүчирхийллийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн нь албан ёсны мэдээллээр тодорхой болж байна. Энэ нь хүүхдийн хамгийн аюулгүй байх ёстой орчин нь тэдний хувьд эрсдэлтэй, айдастай орон зай болон хувирсны тод илрэл болж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнгөрөгч 2024 оны 1 сард шинэчлэн баталсан. Хэдийгээр хууль шинэчлэгдэн батлагдсан ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, хүүхэд хамгааллын байгууллагын хүртээмжгүй байдал болон эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаа нь хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийг нэмэгдүүлсээр байна. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, сэтгэлзүйн дэмжлэгийн тогтолцоо бүрэн бус, хяналт сул байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар арга хэмжээ авах, хэрхэн хамгаалах талаар дэлгэрэнгүй зүйл, заалтуудыг тусгасан байдаг. Гэвч бодит хэрэгжилтийн хувьд хамгийн том дутагдал нь нэгдсэн мэдээллийн систем байхгүй байгаа юм. Эрх нь зөрчигдсөн хүүхдийг дахин хамгаалах, тэдний мэдээллийг нууцлалын зэрэгтэйгээр бүх байгууллагад нэгэн жигд хүргэх зохицуулалт байхгүйн улмаас хамгаалалт сул хэвээр байгаа юм. Тухайлбал, эрх нь зөрчигдсөн хүүхэд харьяаллаа солих үед ямар нэгэн мэдээлэл дамждаггүй тул тухайн хүүхэд дахин хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртөх эрсдэл нэмэгдсээр байдаг байна. Иймд хуульчид олон жилийн турш хүүхэд хамгааллын цогц хууль, нэгдсэн тогтолцоог бий болгох талаар яригдсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл бодит шийдэл, тодорхой үр дүн гараагүй байна.
Хууль зөвхөн цаасан дээр бичигдээд үлдэх зүйл бус амьдралд хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл хууль зөвхөн баталгаа, хамгаалалтын хүрээ бий болгож өгдөг бол, өдөр тутмын хамгаалалт, халамж, зөв хүмүүжил олгох үүрэг нь эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлага дээр тулгуурлаж байдаг. Тиймээс хүүхдийн эрхийг бодитой хамгаалах нь хууль эрх зүйн зохицуулалт болон гэр бүлд тулгуурласан хариуцлагыг хамтад нь хэрэгжүүлэхээс бүрдэнэ гэж хуульч онцолж байна.