ДЭМБ-аас аутизм болон парацетамол эмтэй  холбоотой мэдээлэлд болгоомжтой хандахыг олон нийтэд уриаллаа

Өнгөрөгч даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн шаардлагаар л биш бол жирэмсэн үед парацетамол эмийн хэрэглээг хязгаарлахыг зөвлөсөн юм. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас төрөхийн өмнөх парацетамолын хэрэглээ болон аутизм хоёрын хоорондын холбоо хамаарлын талаарх мэдээлэлд болгоомжтой  байхыг уриалсан байна.

Парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулахад өргөнөөр хэрэглэгддэг эм бэлдмэл юм. Тэгвэл жирэмсэн эмэгтэйчүүд ийм төрлийн эм бэлдмэл хэрэглэснээр хүүхдүүдэд нь аутизм үүсэх эрсдэлтэй гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд хэлсэн нь иргэдийн анхаарлыг ихэд татаад байгаа юм. Харин эрдэмтэн, судлаачид, тэр дундаа анагаах ухааны нийгэмлэгүүд энэ аргументыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

Тэгвэл ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч зарим судалгаагаар парацетамол болон аутизм хоёр хоорондоо холбоотой байж болзошгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрсөн ч "Нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн хэвээр байна" гэж тайлбарлажээ. Тухайлбал “Хэрэв парацетамол болон аутизм хоёрын хоорондын холбоо хүчтэй байсан бол энэ нь олон судалгаанаас тогтмол ажиглагдах байсан" гэж хэлжээ. 

АНУ-ын засаг захиргаанаас жирэмсэн үед парацетамол эмийн хэрэглээг хязгаарлахыг зөвлөсөн нь шинжлэх ухааны ололт амжилтыг үгүйсгэж байгаа явдал гэж ДЭМБ үзэж байгаа бөгөөд уг асуудалд улс үндэстнүүд шинжлэх ухаанчаар хандахыг уриалсан байна.