Д.Трамп: Цагаачлалыг дэмжигч орнууд тамд унах болно

Энэ оны 1-р сард АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Д.Трамп анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцлоо. 1 цаг орчим үргэлжилсэн илтгэлдээ тэрээр цагаачлал, уур амьсгалын өөрчлөлт, Украины дайны талаар төдийгүй зарим өрнөдийнхний хүлээн зөвшөөрч буй Палестины тусгаар улсын талаар хөнджээ.

Илтгэлийнхээ үеэр Трамп өөрийн улс төрийн замналын туршид долоон томоохон дайныг дуусгасан гэж сайрхсан бөгөөд “Хүн бүр намайг уг амжилтынхаа төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртэх ёстой хүн гэж хэлдэг” хэмээжээ.  Тэрээр “Гэхдээ шагнал авах нь гол биш, харин хүний ​​амийг аврах нь илүү чухал, цус урсгаж буй дайсагналцалд жирийн иргэд хохирол амсаж байгаа нь бодит үнэн” гэж онцолсон байна.

Доналд Трамп “АНУ-ын цагаачлалын бодлого нь үндэстнүүдийн дотоод бүтцийг өөрчилдөг гэж үзэж буй цагаачлалын шилжилт хөдөлгөөнийг зогсоохын тулд дэлхийн бусад удирдагчид юу хийх ёстойг тодорхой зааж өгч байгаа бодит жишээ, судалгааны материал юм” гэж өөрийн хэрэгжүүлж буй цагаачлалын түрэмгий бодлогоо өмөөрчээ. Хүний эрхийг хамгаалагчид цагаачдыг байгаагаасаа илүү амьдрал хайж, юм үзэж нүд тайлах гэж эх орноосоо  дүрвэж байна гэж боддог. Энэ үзэл бодолтой холбогдуулан Д.Трамп “Та бүхэн масс цагаачлалыг дэмжээд л бай. Тэгвэл танай улс ч тамд унах болно” гэж хэлжээ. Тэрээр Их Британи, Франц тэргүүтэй өрнөдийн холбоотнууд нь Палестины тусгаар улсыг хүлээн зөвшөөрч байгааг шүүмжилж, "Өрнөдийнхний зарим нь палестин улсыг дангаар хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна. Ингэснээр Хамас бүлэглэлийн алан хядагчид харгислал үйлдсэнийхээ төлөө дэндүү их шагнал авах болно." хэмээн онцолсон байна.

Түүнчлэн Трамп газын зурвасын дайныг нэн даруй зогсоох ёстой ч нэн тэргүүнд энхийн хэлэлцээгээр барьцааны хүмүүсийг суллах шаардлагатай байгааг онцоллоо.  Мөн тэрээр Украин дахь сунжирсан дайныг дуусгавар болгохын тулд Хятад, Энэтхэг, мөн Европын улс орнууд ОХУ-аас газрын тос худалдан авахгүй байхад л асуудал шийдэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ. "Хятад, Энэтхэг болоод  Европын орнууд Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдан авсаар байвал Москвагийн дайны санхүүжилт тасрахгүй. Бүр НАТО-ын орнууд хүртэл Оросын эрчим хүч, Оросын эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг таслаагүй, тун ч шударга бус байна” хэмээн хатуухан мэдэгдсэн байна.