Эрчим хүчний салбарт үнэ нэмэхээс өөр шинэчлэлт хийгдэхгүй байгааг гишүүд шүүмжиллээ

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд эрчим хүчний реформ хийж, тус салбарыг аварна хэмээн танилцуулснаас хойш жил орчмын хугацаа өнгөрч байна. Гэсэн ч одоогийн байдлаар үнэ нэмэхээс өөр ажил хийгдсэнгүй. Харин ч бүр төрийн давхар бүтцийг нэмэгдүүлж, сүржин нэртэй хороо, байгууллага байгуулахаас өөр ажил хийгдэхгүй байгааг УИХ-ын гишүүд шүүмжилж байна.

Эрчим хүчний салбар бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж  3 толгойтой болсон ч дарга нэмэгдэхээс өөр бодит ажил хийгдэхгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал Шадар сайд Доржханд эрчим хүчний реформын ажлыг ахалж байгаа бол , бол Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудад тус салбар харьяалагдаж байна. Хэт олон дарга удирдлага байгаад аль ч салбар хөгждөггүйн жишээг эрчим хүчний салбараас харж болох юм. Ирэх өвөл нийслэл хот хөлдөхгүй гэсэн баталгаа байхгүй байна.

Ирэх 2026 оны төсвийг эрүүл мэнд боловсрол, эрчим хүчний салбарт чиглүүлж бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн. Улмаар манай улс эрчим хүч экспортлох ч боломж бүрдэнэ гэдгийг  удаа дараалан Шадар сайд мэдэгдсээр ирсэн. Харин энэхүү ажил ирэх жилээс хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. 

Цахилгааны үнийг 85 хүртэлх хувиар нэмэгдүүлж өртөгт нь хүргэсэн. Хэдийгээр цахилгааны үнэд огцом өөрчлөлтийг хийсэн ч уг салбар ашиггүй ажилласан хэвээр байгааг салбарын сайд ч  хэлж байсан юм. Харин энэ онд дулааны үнийг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч улсын эдийн засаг сэргэлттэй байгаа тул уг шийдвэрийг цуцалжээ.