9-р сарын  23-ны өдөр угаарын хийн хордлогын улмаас 3 иргэн нас баржээ

Галлагааны улирал бүрэн эхлээгүй байхад өнгөрсөн шөнө л гэхэд нийт 81 иргэн угаарын хийн хордлогоор эмнэлгийн тусламж авч, 3 иргэн нас баржээ. Тэгтлээ хүйтрээгүй байхад ийм олон тохиолдол бүртгэгдэж байгаа бол өвлийн жавар тачигнаж эхлэхээр хэчнээн иргэн угаарын хийд хордох болоо гэх болгоомжлол эрхгүй бий болоод байна.

—2023 онд улсын хэмжээнд нийтдээ 2600 гаруй иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авч, 51 иргэн амиа алдсан байна. Харин 2024 онд угаарын энэ шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан иргэний тоо 2700-аас давсан бол харин нас баралт 47 болж буурчээ.

—Тэгвэл зөвхөн энэ оны эхний 5 сарын байдлаар гэхэд нийт 21 иргэн угаарын хийн хордлогын улмаас нас барсан бол ганцхан өчигдөр гэхэд л 2 өрхийн 3 иргэн амиа алдсан хэрэг гарсан байна. 

—Мөн өчигдөр угаарын хийн хордлогын улмаас 31 өрхийн 81 иргэн эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тэдний 25 хувь нь 17 хүртэлх насны хүүхдүүд байжээ. 

Угаарын хийд хордсон өрхүүд галлагаагаа хийсний дараа бороотой, чийглэг шөнө байсан тул өрхөө татаж, өрөө тасалгаандаа агаарын сэлгэлт хийхгүй унтсанаас болж угаарын хий хуримтлагдан хордож, тухайн хийгээр удаан хугацаанд амьсгалан, мэдэрлийн системд нөлөөлснөөр амиа алдахад хүргэсэн талаар албаны эх сурвалжууд хэлж байна.

Угаарын хий нь өнгө, үнэргүй тул угаарын хий алдагдаж байгаа тохиолдолд иргэд мэдэх боломжгүй байдаг байна. Ийм галлагаа хийх үедээ агаарын солилцоо тогтмол хийх шаардлагатай байна. Хэрэв агаарын сэлгэлт хийгдээгүй тохиолдолд уг хийг амьсгалж буй иргэд хордлогод орохоос гадна удаан хугацаанд байвал амиа алдах эрсдэл өндөртэй. Тиймээс галлагаа хийх үед багавтар ч гэсэн агаарын солилцоо хангах нөхцөлийг бүрдүүлэх, мөн угаар, утаа мэдрэгчийг тогтмол ажиллуулах нь зайлшгүй чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш 6 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, зааврыг албаныхан тогтмол өгсөөр байгаа юм. Иймд иргэд өөрсдийн боломжоор яндангаа цэвэрлэх, агаар сэлгэх зэрэг арга хэмжээ авч, угаартах эрсдэлээс сэргийлэхийг хичээсээр байна. Гэсэн хэдий ч угаарын хийн хордлогын тоо буурахгүй байгаа нь иргэдийн сэтгэл түгшээсэн асуудал хэвээр байна. 

Ирэх сарын нэгнээс угаарын чанарыг бууруулсан хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч шатамхай чанартай бүх л нүүрснээс ялгарах химийн бодис нэгдэж, угаарын хийг бүрдүүлж, хор учруулах эрсдэлтэй. Иймээс хагас коксжсон нүүрсийг ашиглах үед ч угаартахаас сэргийлэх зөвлөмж, зааврыг дагахыг албаныхан зөвлөж байна.