Өнгөрөгч Лхагва гарагт БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кеон хигийн холбогдсон авлигын хэргийн шүүх хурлын эхний сонсгол боллоо. Энэ үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёолын эхнэр Ким Кеон Хи нь өөрийгөө авлига болон бусад бүх хэрэгт гэм буруугүй гэж няцаасан тайлбар өгчээ.
Прокурорууд Ким Кеон Хиг танилаараа дамжуулан шашны бүлэглэлийн өндөр албан тушаалтнаас тансаг зэрэглэлийн буюу “Диор” брэндийн гар цүнх бэлгэнд авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Өмнө нь мүүний шашин гэгддэг байсан дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо нь Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асанд авлига хэлбэрээр гар цүнх бэлэглэсэн гэж үзсэн. Ингэснээр тус шашны бүлэглэл Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд ойртож, ашиг сонирхлоо хангах гэж оролдсон байж магадгүй байгаа юм.
Лхагва гарагт Сөүл хотын төв дүүргийн шүүхэд анхан шатны шүүх хурал болсон бөгөөд Ким Кеон Хи хар костюм, нүдний шил, маск зүүсэн байжээ. Прокурорууд Кимийг гар цүнх аваад тогтохгүй 80 сая вон буюу 57 мянга орчим долларын үнэтэй өөр тансаг бэлэг авсан гэж буруутгасан бөгөөд энэ нь сайн сайхны төлөөх хүсэлтийн хамт ирсэн гэж мэдэгджээ. Шүүх хурал 40 орчим минут үргэлжилсэн бөгөөд шүүх байгууллага ирэх сард гэрчүүдийг сонсголд оролцуулж, тайлбар, мэдүүлэг авна гэж мэдэгдлээ.