Энэтхэг улсын засгийн газар дотоодын эрэлтээ нэмэгдүүлэхийн тулд хэрэглээний татвараа буурууллаа. Энэ шийдвэр нь Энэтхэгийн импортод 50 хүртэл хувийн татвар оногдуулсан АНУ-ын татварын бодлогын эдийн засгийн сөрөг үр нөлөөг бууруулах зорилготой гэж үзэж байна.
АНУ-ын засгийн газар Энэтхэгийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд 50 хүртэл хувийн нэмэлт татвар оногдуулснаар шинэ Делигийн эдийн засагт хэрэглээ сулрах шинж тэмдэг ажигладаг эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Энэтхэг улсын засгийн газар бараа, үйлчилгээнд оногдуулдаг татварын хувь хэмжээгээ өнгөрөгч Даваа гаргаас эхлэн бууруулж байна. Өмнө нь бараа, үйлчилгээнд 4 шатлалтайгаар 5-28 хувийн татвар оногдуулж байсан бол одоо энгийн 2 шатлалт тогтолцоог нэвтрүүлж, бараа үйлчилгээнд 5-18 хүртэл хувийн татвар оногдуулахаар болжээ.
Уг бууралт нь хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээний бараа, жижиг оврын автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамарч байна. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний татварыг 12 хувиас 5 хувь болгон бууруулсан бол зурагт болон жижиг оврын автомашины татварыг 28-аас 18 хувь болгон бууруулжээ.
Энэтхэгийн засгийн газраас дундаж давхаргаа дэмжих, орлогыг тогтворжуулах, хадгаламжийн хэмжээг нэмэх, цаашлаад татварын шинэчлэлээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулахаар зохицуулж байна. Татвар буурч бараа, үйлчилгээний эрэлт өсөн нэмэгдсэнээр ажлын байрны тоо нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд нь эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улсын хувийн хэрэглээ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг бүрдүүлдэг юм. Лхагва гарагт энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү шинэчлэл нь хуримтлалыг нэмэгдүүлж, нийгмийн бүх давхаргад шууд ашиг тусаа өгч, эдийн засгаа тэлж, үйлдвэрлэлийг эрчимжүүлж, урт хугацаанд инфляцыг бууруулна гэж хэллээ.