Энэ онд 175 мянган айлд угаарын хийн мэдрэгчийг бүрэн суурилуулна

Галлагааны улирал эхэлж, угаарын хийн хордлогын тохиолдол нэмэгдсээр байна. Өчигдөр буюу 9-р сарын 24-ний өдөр 31 иргэн угаарын хийн хордлогоор эмнэлгийн тусламж авсан бөгөөд нэг өрхийн хоёр иргэн амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Иймд мэргэжлийн байгууллагууд иргэдийг угаарын хийн мэдрэгчийг цаг бүрд ажиллуулах, суурилуулсан төхөөрөмжийн баталгааг шалгах, шаардлагатай тохиолдолд шинэчлэхийг зөвлөж байна. 

Нийслэлийн хэмжээнд 198 мянган яндан байгаагаас 176 мянган идэвхтэй галлагаа хийдэг байна. Өнөөгийн байдлаар 99 мянган айлд угаарын хийн мэдрэгч суурилуулсан бөгөөд өнгөрсөн онд нийслэлийн тодотголоор 45 мянган айлд суурилуулжээ. Мөн 33 мянган угаар мэдрэгч суурилуулахаар бэлэн байгаа юм байна. Ингэснээр нийтдээ энэ онд нийт 176 мянган айлд угаарын хийн мэдрэгчийг бүрэн суурилуулж дуусгахаар төлөвлөжээ. 

Угаарын хий мэдрэгч нь агаарт нүүрсхүчлийн дутуу исэл буюу угаарын хий 30–400 ппм хэмжээнд хүрэхийг мэдэрч, аюултай түвшинд буюу 100 ппм-д хүрэх үед дохио өгдөг. Харин тухайн өрхөд угаарын хий алдагдсан тохиолдолд дохиолол түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шууд дамжиж, ажилтнууд тухайн айлтай холбогдон яаралтай арга хэмжээг авдаг байна. Хэрэв тухайн өрхөөс ямар нэгэн хариу авахгүй тохиолдолд төвийн ажилчид өөрсдийн биеэр очиж, шаардлагатай арга хэмжээг авдаг байна.

Нийслэлийн 175 мянган айл, өрхөд утаа мэдрэгч төхөөрөмж суурилуулахын тулд 17 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Ингэснээр нэг ширхэг угаар мэдрэгийг 150 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм.  Өмнө нь мөн, гэр хорооллын айл өрхүүдэд хот айл нэртэй угаар мэдрэгчийг олон тэрбумын төсөв зарцуулан тарааж байсан удаатай. Гэсэн хэдий ч тухайн угаар мэдрэгч нь үр дүнгүй байгаа тул ийнхүү дахин угаар мэдрэгч авах нэрийдлээр нийслэлээс энэ хэмжээний өндөр төсөвийг зарцуулах болжээ.