2012 оноос хойш 1072 хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөхөж олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг өвлүүлдэг байх шийдвэр гаргалаа. Ингэснээр 2012 оноос хойш уг хувьцааг эзэмшиж байсан иргэн нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь хувьцааг нь өвлөж, ногдол ашгийг нь авах боломжтой болж байна.

  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2012 оноос хойш хувьцаа эзэмшигч 130 мянган нас барсан иргэн бүртгэлтэй байна. ЗГ-ын өчигдрийн шийд гарснаар тэдгээрийн хувьцааг өвлүүлэх ажлыг ирэх 6-р сарын 1-ээс эхлүүлэхээр болжээ.
  • Тэгвэл нас барсан иргэдийн хувьцааг өвлөхөд иргэний хууль болон үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу тодорхой баримт бичгүүд шаардагдах юм байна. Нэн түрүүнд үр хүүхэд, хамаатан садны чухам хэн нь хувьцааг нь өвлөж авахаа тодорхойлсны дараагаар түүнийгээ нотариатаар баталгаажуулах ёстой юм.
  • Ингэснээр нас барсан иргэний хувьцааг өвлөн авагчид шилжүүлж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ногдол ашгийг нөхөж олгох юм байна. Одоогоор нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 66.4 тэрбум төгрөгийн хуримтлал төрийн санд үүсжээ.
  • Үүнтэй зэрэгцэн 2024 оноос хойш шинээр төрсөн хүүхдэд хувьцаа олгох, ногдол ашиг хуваарилах асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар шийдвэрлэхээр болсон байна.

Нөхөн олголтыг 6 дугаар сарын 1-ээс эхлүүлэх бөгөөд үүнээс өмнө холбогдох бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.

Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Харин одоогоор оролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож, бүрдүүлэх, иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна. Тэгвэл иргэдийн зүгээс 1072 хувьцааг өвлүүлэх боломжтой болсон шийдвэрийг дэмжиж байгаа ч өмнө нь хангалттай мэдээлэл, ойлголтгүйгээс шалтгаалан хувьцаагаа зарсан хүмүүс цөөнгүй байгааг хэлж байна. Тиймээс зарсан хувьцаагаа буцаан худалдан авах боломжийг ч мөн бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигч  иргэдэд  2019 онд 96 мянган төгрөг, 2022 онд 116 мянган төгрөг, 2023 онд 285 мянган төгрөг, 2024 онд 350 мянган төгрөг, 2025 онд 70 мянган төгрөг олгосон бол энэ удаад буюу 2026 онд 63 мянган төгрөг олгоно.