Өмнөд Солонгосын технологийн аварга "Samsung Electronics" компани 2026 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. Хиймэл оюуны салбар тасралтгүй өргөжиж байгаатай холбогдуулан хагас дамжуулагч буюу чипний эрэлт огцом нэмэгдсэний ачаар үүнээс олох ашиг өнгөрсөн оны мөн үеэс бараг 50 дахин өсжээ.
Энэ оны эхний улиралд "Samsung Electronics" компанийн хагас дамжуулагчийн борлуулалтаас олсон цэвэр ашиг 53.7 их наяд вон буюу 36 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 1.1 их наяд вон байсантай харьцуулахад түүхэн өсөлт болжээ. Мөн дурдсан хугацаанд компанийн нийт үйл ажиллагааны ашиг 8 дахин өссөн бөгөөд үүний дийлэнх буюу 90 гаруй хувийг зөвхөн хагас дамжуулагчийн борлуулалт бүрдүүлсэн байна.
Хэдийгээр ийнхүү өндөр ашигтай ажиллаж байгаа ч тус компанийн удирдлагууд ирээдүйн нөхцөл байдалдаа санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Дэлхий дахинд хиймэл оюуны дата төвүүд болон корпорацийн түвшний серверийн эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас хол давж байгаа ч "Samsung Electronics" компани энэ хурдыг гүйцэхэд бэлэн биш байгаа юм байна.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн компаниудын нэг “Nvidia” компани хиймэл оюуны дата төвүүдэд ашиглагддаг дэвшилтэт чипүүдээ үйлдвэрлэхдээ "Samsung Electronics" компанийн санах ойн чипийг ашигладаг бөгөөд тус хоёр компани 30 орчим жил хамтран ажиллаж байгаа юм. Гэвч хиймэл оюуны их тэсрэлтийн хурдыг nvidia компани технологийн үзүүлэлтээрээ гүйцэж байгаа бол "Samsung Electronics" компани хоцрох хандлагатай байгаа ажээ.