БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Япон улсын цөмийн зэвсэг эзэмших далд эрмэлзэл болон плутонийн нөөцтэй холбоотой тусгай тайланг танилцуулжээ. Япон улс иргэний эрчим хүчний зориулалттай хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний буюу 44.4 тонн плутони нөөцлөөд байгааг Хятад улсын Гадаад хэргийн яамнаас онцолжээ.
Япон улс жилд дунджаар 0.5-1 тонн плутонийг иргэний эрчим хүчний салбарт ашигладаг. Гэтэл нийт нөөц нь үүнээс 60-70 дахин их байгаа нь японы хөрш орнуудын анхаарлыг татаж байна. Шинжээчид дэлхийн геополитик хурцдаж, дэлхий даяар дайны аюул заналхийлбэл япон улс энэхүү 44 тонн плутонийг боловсруулж цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ердөө 6 сарын хугацаа л хангалттай гэж тооцоолж байгаа юм.
44.4 тонн плутони нь ойролцоогоор 5500 гаруй цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Японыг "Цөмийн зэвсэггүй байх гурван зарчим"-аасаа ухарч, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж буруутгаж байна. Мөн "Япон улс өөрийн цөмийн материалын илүүдлээ хэрхэн ашиглах талаар олон улсад тодорхой тайлбар өгөх ёстой" гэж хятадын талаас шаардаж байна.
Сүүлийн жилүүдэд Японы батлан хамгаалах салбарын зардал тасралтгүй өсөж, 2026 онд түүхэн дээд хэмжээнд 9 их наяд иен буюу 60 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Харин Хятад улсын Засгийн газраас уг зардлын өсөлтийг Японы "Нео-Иилитаризм" буюу цэргийн хүчээ зузаатгах бодлого нь эрчимжиж байгаагийн дохио гэж үзэж байгаа тул олон улсын атомын энергийн агентлагт хяналт шалгалтаа чангатгахыг уриалжээ.
Тэгвэл энэ бүхний хариуд Япон улс дэлхийн 2-р дайнаас хойш баримталж ирсэн "Цөмийн зэвсэггүй байх гурван зарчим" буюу эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, нэвтрүүлэхгүй” гэсэн бодлогоо тууштай баримталж байгаа гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр Японы эрх баригч намын зарим гишүүд болон баруун жигүүрийн хүчнүүд бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд цөмийн зэвсэг боловсруулах санал гаргаж байгаа ч Засгийн газрын албан ёсны бодлого өөрчлөгдөөгүй гэж мэдэгдэж байна