Эрчим хүчний салбарт 225 тэрбум төгрөгийн алдагдал үүсжээ

Өнгөрөгч онд дулааны тарифын нэмэгдлийг хойшлуулж, цахилгааны тарифын индексжүүлэлтийг хэрэгжүүлээгүйгээс эрчим хүчний салбарт өдгөө 225 тэрбум төгрөгийн алдагдал үүсжээ. Хэдийгээр цахилгааны тарифын шинэчлэлээр борлуулалтын орлого 560 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч импортын цахилгааны үнэ, түлш, тээвэр, цалин, засварын зэрэг зардлын өсөлтийг бүрэн нөхөж чадаагүй байна. Иймээс эрчим хүч, дулааны тарифыг бодит өртөгт суурилан тогтмол индексжүүлэн, нэмэгдүүлэхээр боллоо.

Эрчим хүчний салбарын доройтол туйлдаа хүрч, салбарын ажилтнуудын цалинг ч хугацаанд нь олгох боломжгүй нөхцөл үүсээд байгаа. Үүнээс шалтгаалан өнгөрөгч 4-р сарын 16, 17-ны өдрүүдэд салбарын ажилтнууд Төв талбайд жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд эрчим хүчний сайдад цахилгааны тарифыг нэмэгдүүлэх чиглэл өгсөн юм. Гэвч тарифын өөрчлөлт нь зөвхөн салбарын ажилтнуудын цалинтай холбоотой асуудал биш, харин улсын хэмжээнд эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах өргөн хүрээний асуудал болоод байна. Цахилгааны тарифыг нэмэгдүүлэх шаардлагад нөлөөлж буй гол 4 хүчин зүйл бий. Үүнд салбарын санхүүгийн алдагдал, үйлдвэрлэлийн өртгийн өсөлт, дэд бүтцийн хуучралт, мөн эрчим хүчний хэрэглээний огцом өсөлт зэрэг багтаж байна. Эдгээр нөхцөл байдал нь тарифыг бодит өртөгт ойртуулах шаардлагыг бий болгож байгаа юм.

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2024 оны 11-р сард хийгдсэн тарифын шинэчлэлийн хүрээнд борлуулалтын орлого нийт 559.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч энэ өсөлт нь зардлын дарамтыг бүрэн нөхөж чадаагүй байна. Тодруулбал, импортын цахилгааны үнийн зөрүү, нүүрс болон тээврийн зардлын өсөлт, ажилчдын цалин, засвар шинэчлэл зэрэгт ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай болж, орлогын нэмэгдлийг бүрэн шингээжээ. Үүний зэрэгцээ өнгөрөгч онд Засгийн газрын 132 дугаар тогтоолоор дулааны тарифын зохицуулалтыг хойшлуулж, цахилгааны тарифыг индексжүүлээгүй нь өдгөө салбарт 224.9 тэрбум төгрөгийн орлогын дутагдал үүсэх гол шалтгаан болсон байна. Өөрөөр хэлбэл, бодит өртөг өссөн ч тариф дагаж нэмэгдээгүйгээс алдагдал үүссэн гэсэн үг юм.

Ингэснээр 2025 онд эрчим хүчний салбар нийтдээ өндөр зардал, тарифын хоцрогдлоос шалтгаалсан санхүүгийн алдагдалтай ажилласан. Цаашид тарифыг инфляц, валютын ханш, импортын үнэ болон шинэ эх үүсвэрийн өртөгтэй уялдуулан үе шаттай индексжүүлэхгүй бол алдагдал үргэлжилж, эцсийн дүндээ улс даяараа тог, дулаангүй болох эрсдэлтэй байна.

Энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны тарифыг хэрхэн, үе шаттайгаар, иргэдийн амьдралд чирэгдэл үүсгэхгүйгээр нэмэх талаар хэлэлцэх байна