Ногоон улсын дугаарыг зөвхөн 100 хувь цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан автомашинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

  • Одоогоор улсын ногоон дугаарыг 100 хувь цахилгаан автомашинд шууд олгож байгаа. Тэгвэл нэмэлтээр EREV буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, үүн дээр батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй тээврийн хэрэгслийг эко ангилалд шинээр оруулан ногоон дугаар олгож, нэгдүгээр эгнээгээр зорчуулахаар шийдвэрлэжээ.
  • Харин приус, акуа зэрэг хосолсон хөдөлгүүртэй, хайбрид автомашинд ногоон дугаар олгохгүй.
  • Одоогоор улсын хэмжээнд 1,3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2215 нь 100 хувь цахилгаан, 72 нь нэмэлт эх үүсвэртэй цахилгаан тээврийн хэрэгсэл байна.
  • Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2024 оноос эхлэн автомашины улсын дугаар олголтыг зогсоосон. Харин цахилгаан машинд улсын дугаар олголт хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо EREV төрлийн буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, мөн батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй тээврийн хэрэгслийг эко ангилалд оруулснаар улсын дугаар авах, 1-р эгнээгээр зорчуулах, цаашлаад дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой болжээ.

Мөн үндсэн хөдөлгүүр нь цахилгаан боловч батарейгаа цэнэглэх зориулалттай нэмэлт генератор буюу эх үүсвэртэй тээврийн хэрэгсэл багтах юм байна. Харин олон нийтийн дунд эргэлзээ үүсгээд байсан нэг асуудал бол хайбрид буюу хосолмол хөдөлгүүртэй автомашинууд юм. Яамны зүгээс приус, акуа зэрэг дотоод шаталтын хөдөлгүүр давамгайлсан хайбрид машинуудад ногоон дугаар олгохгүй, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Ийнхүү цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй автомашин хэрэглэгчид замын хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалтгүй оролцож, улсын дугаар авах боломжтой болж байна.