Япон улсад хүн ам зүйн хямрал нүүрлэж, хүүхдийн тоо нь 45 дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт гарлаа. Тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас 15 хүртэлх насны хүүхдийн тоо 14 сая хүрэхгүй байгаа нь түүхэн доод үзүүлэлт гэж мэдээллээ.
Энэ нь Японы нийт хүн амын ердөө 11.3 хувийг хүүхдүүд эзэлж байгааг илтгэж байна. Бусад өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Германтай харьцуулахад энэ нь сул үзүүлэлтэд тооцогдож байна. Хэдийгээр Японы Засгийн газраас төрөлтийг дэмжих олон тэрбум иенийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч амьжиргааны өртөг болон нийгмийн дарамтаас шалтгаалан залуучууд гэр бүл төлөвлөлтөөс татгалзсаар байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи хүн ам зүйн хямралыг “Нийгмийн үйл ажиллагаа зогсох хэмжээний аюул’ гэж тодорхойлж, хүүхэд асрах тэтгэмжийг нэмэгдүүлэх, эцэг эхчүүдэд олгох хөнгөлөлтийг өргөжүүлэхээ амласан байна. Гэвч шинжээчид зөвхөн санхүүгийн дэмжлэг хангалтгүй бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлж байна. Хүн ам нь хурдацтай хөгширч байгаа Япон улсын хувьд ирээдүйн ажиллах хүч, эдийн засгийн тогтвортой байдлаа хэрхэн хадгалж үлдэх нь хамгийн том сорилт болоод байна.