Д.Трамп Иран улстай эцсийн бөгөөд шийдвэрлэх хэлэлцээр байгуулахад ойрхон байгаа гэж мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн 24 цагийн хугацаанд Ираны талтай "Ур дүнтэй яриа хэлэлцээ" хийсэн бөгөөд дайныг зогсоох хэлэлцээрт хүрэх "Бүрэн боломжтой" гэж мэдэгдлээ. Мөн одоогоор Ираны эрх баригчид АНУ-аас ирүүлсэн энхийн төлөвлөгөөг хянаж байгаа төдийгүй Пүрэв гарагт багтаан зуучлагч Пакистан улсаар дамжуулан хариугаа өгөх төлөвтэй байна.

АНУ, Иран хоёр энхийн хэлэлцээрийг нуршсан олон хуудас баримт бичигт багтаахгүй, харин дайныг албан ёсоор зогсоох зорилготой "Нэг хуудас санамж бичиг" хэлбэрээр, гол тохиролцоогоо ганцхан хуудаст багтаах талаар санал солилцжээ.

Лхагва гарагт Доналд Трамп сүүлийн 24 цагийн хугацаанд Ираны талтай "Маш сайн яриа хэлэлцээ" өрнүүлсэн тухайгаа хэлсэн байна. Мөн тэрээр хоёр тал тохиролцоонд хүрэх, цаашлаад гэрээ байгуулах "Бүрэн боломжтой" гэж мэдэгдлээ. Гэхдээ хэрэв хэлэлцээ бүтэлгүйтвэл, эсвэл Иран энхийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол бөмбөгдөлтөө үргэлжлүүлнэ гэж тэрээр анхааруулсан байна. Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд түвшний уулзалт Бээжин хотод болох юм. Энэхүү дээд түвшний уулзалтын өмнө Доналд Трамп Ирантай хэлэлцээр байгуулахыг шахаж байна гэж Өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны ураны баяжуулалтыг зогсоож, нөөцийг Ойрх Дорнодоос гаргаж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авах санал гаргасан ч энэ нь эцсийн тохиролцоонд хэрхэн тусах нь тодорхойгүй байна. Мөн Ормузын хоолойг бүрэн нээж, чөлөөт усан тээврийг сэргээхийг Ираны талаас шаардаж байна. Цаашилбал Ираны пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах болон Ойрх Дорнод дахь зэвсэгт бүлэглэлүүдэд үзүүлэх дэмжлэгээ зогсоох зэрэг шаардлагууд өмнө нь яригдаж байсан ч, энэ удаагийн "Нэг хуудас санамж бичиг"-т эдгээр нь тусгагдаагүй байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Харин Ираны талаас АНУ-ын хориг арга хэмжээг цуцалж, гадаадад царцаагдсан Техраны хөрөнгийг чөлөөлөхийг шаардаж байна. Мөн дайны хохирлын нөхөн төлбөр авах, АНУ-ын цэргийг бүс нутгаас гаргах зэрэг асуудлуудыг Иран өөрийн саналдаа тусгасан гэх мэдээлэл байна.  Ираны парламентын зарим гишүүд АНУ-ын саналыг "Биелшгүй хүслийн жагсаалт" гэж шүүмжилж байгаа бол Гадаад хэргийн яам нь саналыг нухацтай хэлэлцэж байгаагаа илэрхийллээ.