Хүчит шонхор зах дээр үхрийн махны үнэ кг тутам нь 35 мянган төгрөгөөс давжээ. Харин махны худалдаачдын экспортод их хэмжээний мах гаргаснаас шалтгаалан дотоодод махны хомсдол үүсэж, үнэ өсөж байна гэж үзжээ. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас экспортод гаргаж буй нийт махны ердөө 3 хувийг үхрийн мах эзэлж байгаа тул дотоодын хэрэглээнд хомсдол үүсгэхгүй гэж тайлбарласан байна. Одоогоор экспортод нэг кг махыг 16 мянган төгрөгөөр гаргаж байна
Хүчит шонхор зах дээр 12:00 цагийн үед очиход дийлэнх махны лангуу хоосон, зарим лангуу цөөн хэмжээний махтай байна. Тус захад нэг килограмм үхрийн цул мах 35 мянга, үхрийн ястай мах 30 мянга, хонины цул мах 26 мянга, хонины ястай мах 22 мянга, адууны мах 17 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаагүй байж экспортод мах гаргаж байгаа нь өнөөдрийн махны үнийн өсөлтийн гол шалтгаан болж байна гэж үзэж байна
Манай улс 2025 онд 85.6 мянган тонн махыг 17 улсад экспортолжээ. Нийт экспортын махны 62 хувийг БНХАУ худалдан авдаг бол Булангийн орнууд болох Иран, Ирак, Катар зэрэг улс нийт экспортын 22 хувийг эзэлж байна. Үлдсэн хувийг Узбекистан, Казахстан, Орос зэрэг улс руу экспортолдог байна. Харин экспортод гаргаж буй махны дийлэнх хувийг ямаа, сарлаг, адууны мах эзэлдэг тул дотоодын хэрэгцээнд нөлөөлөхгүй гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ
Манай улс нийт 17 улс руу мах экспортолж байна. Гаалийн бүрдүүлэлтийн мэдээллээс харахад нэг килограммыг 4.5 ам.доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 16.500 төгрөгөөр борлуулж байна. Үүнийг намрын улиралд махны үнэ хямд байх үед нөөцөлж, дараа нь экспортолдог гэж тайлбарлалаа. Одоогоор махны экспорт түр зогссон байгаа бөгөөд жил бүрийн есдүгээр сараас дараа оны нэгдүгээр сар хүртэл экспортолдог. Харин иргэдийн зүгээс ийм хямд үнээр мах экспортолж байхаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Махны үнийг тогтворжуулах зорилгоор төрөөс нөөцийн махыг худалдаанд гаргасан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй хэвээр байна. Мөн худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар экспортод дээр нэмэгдэж намрын улиралд хятад улсын махны ченж нар махыг их хэмжээгээр нөөцөлж авч, хадгалдаг . Үүнээс шалтгаалан зах зээлд махны хомсдол үүсэж, үнэ өсдөг гэлээ. Тэдний үзэж буйгаар махны үнэ хангалттай хэмжээнд хүрсний дараа хаврын улиралд буцаан Монголчуудад өндөр үнээр нийлүүлдэг байна. Иймээс төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлж, мах экспортолж буй үйлдвэрүүдэд тавих хяналтыг сайжруулахгүй бол махны үнэ жил ирэх тусам өссөөр байх болно гэдгийг худалдаа эрхлэгчид онцоллоо.