Хөдөө орон нутагт цогцос хадгалах байр хомс байгаагаас үүдэн хоёр нярайн цогцсыг ахуйн зориулалтын хөргөгчид 2 жил хадгалан хөдөөлүүлжээ

Хөдөө орон нутагт цогцос хадгалах байр хомс байдгаас үүдэн хоёр нярайн цогцсыг хоёр жилийн турш албаны байранд ахуйн зориулалтын хөргөгчид хадгалсны эцэст хөдөөлүүлжээ. Ийнхүү удаан хугацаанд хадгалсан нь албан хаагчдын сэтгэл зүйд хүндээр нөлөөлсөн байна. Энэ нөхцөл байдлаас харахад хөдөө орон нутаг дахь шүүх шинжилгээний байгууллагын ажиллах орчин, нөхцөл хангалтгүй байгаа төдийгүй хохирогчийн үнэн шударгаар шүүлгэх эрхэд эрсдэл учруулж, хүний эрх зөрчигдөж  байна  үзэж, холбогдох байгууллагуудад ХЭҮК санал хүргүүлжээ.

Шүүх шинжилгээний байгууллага жил бүр дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэгт оролцож, 75 мянга гаруй шинжилгээ хийдэг бөгөөд өдөрт дунджаар 200 гаруй шинжилгээ хийгдэж байна. Гэсэн хэдий ч шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал, ялангуяа хөдөө орон нутагт, хүндрэлтэй хэвээр байна.тухайлбал, аймгийн хэмжээнд цогцос хадгалах зориулалтын хөргүүр ердөө тавхан ширхэг байдаг нь зуны улиралд ихээхэн хүндрэл үүсгэдэг байна. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжтэй ажилтан өдөр, шөнийн аль ч цагт моргт ганцаараа очиж, 1-2 цагийн зайтайгаар цогцсуудыг гараар өргөж, зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг байна. Энэ нь албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүний эрх, хохирогчийн үнэн шударгаар шүүлгэх эрхэд эрсдэл учруулж байгааг хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ

Мөн хөдөө орон нутагт байгаа шүүх шинжилгээний байгууллага нь өөрийн гэсэн зориулалтын стандарт шаардлага хангасан байр байдаггүй. Аймгийн тамгын газар болон Цагдаагийн газрын нэг буланд байрладаг байна. Энэ нь шинжилгээний дүгнэлт гаргах явцад мөрдөгч болон бусад этгээдээс нөлөөлөх оролдлого гардаг, дүгнэлтийг өөрчлүүлэх талаар шахалт үзүүлэх, алба хаагчидтай хувийн холбоо барих мэдээлэл гуравдагч этгээдэд дамжих, иргэдээс шууд дарамт, доромжлол үзүүлэх зэрэг нөхцөл байдал үүсдэг байна иймд хөдөө орон нутагт шүүх шинжилгээний байгууллага өөрийн гэсэн зориулалтын стандарт байртай болох шаардлагатай байна

Шүүх шинжилгээний байгууллага нийт 863 алба хаагчийн орон тоотойгоос 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар 758 алба хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, салбарын хэмжээнд 105 орон тооны дутагдалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүний нөөцийн дутагдлаас шалтгаалан алба хаагчдын ажлын ачаалал нэмэгдэж, ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлж хохирогчийн үнэн шудраг шүүлгэх эрхэд эрсдэл учруулж байгааг хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байна