Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг орны тоонд хамаардаг бөгөөд ган, зуд, усны нөөц, газрын доройтол зэрэг нь нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулдаг. Иймд байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэнцвэрийг хадгалах асуудал цаашлаад салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Манай улс дэлхийн дунджаас өндөр хурдаар дулаарч буй орнуудын нэг. Тухайлбал сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын гаралтай аюултай үзэгдлийн тоо нэмэгдэж, 2021-2023 онд нийгэм, эдийн засагт 16.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан. Цаашлаад 2020 оны судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 78 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байгаагаас 5 орчим хувь нь нэн хүчтэй, 19 орчим хувь нь хүчтэй, 22 гаруй хувь нь дунд, 31 хувь нь сул зэрэглэлд хамрагдаж байжээ. Иймд цаашид байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад салбарын бүрийн уялдаа холбоо, чадварлаг мэргэжилтэн боловсон хүчин хэрэгтэй байгаагаас гадна улсын хэмжээнд мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж байгаатай холбоотойгоор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Үүнээс гадна манай улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвецын талуудын 17-р бага хурал буюу “Cop17”-г зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн нийтийн байгаль орчны цаашдын чиг хандлагыг тодорхойлоход нэн ач холбогдолтой. Түүнчлэн манай улсаас шаардлагатай гэж тооцогдож буй 3 санаачилгыг гаргаад байгаа. Тухайлбал хуурай гандуу бүс нутгийн тогтвортой бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газар ашиглалт, хөрсний нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын хэмжээнд 10-аас дээш жил хэрэгжих хөтөлбөр болон ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн хөтөлбөр юм. Одоогийн байдлаар бэлтгэл ажил 50 хувьтай явж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Манай улс зохион байгуулж буй НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвецын талуудын 17-р бага хурал буюу “Cop17” “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриа дор ирэх 8-р сарын 17-ны өдрөөс 28 хүртэл нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.