Манай улс анх 1994 онд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баталж байжээ. Тэгвэл тус хуулийг 32 жилийн дараа шинэчлэн найруулж, батлуулахаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хуулийн шинэчилсэн найруулгад байгаль хамгаалал, аялал жуулчлал, санхүүжилтийн тогтолцоо, менежментийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг тусгахаар төлөвлөсөн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь байгалийн өвөрмөц тогтоц, ховор болон нэн ховор ургамал, амьтан бүхий газар нутаг, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Хүн амын өсөлт, суурьшлын бүсийн тэлэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор 1994 онд баталсан тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага үүсжээ.
Монгол улсын нийт газар нутгийн 20.8 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар нутгийн улсын тусгай хамгаалалтад аваад байгаад бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийг сүлжээг өргөжүүлж 2030 гэхэд 30, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгаар байгаль хамгаалал, аялал жуулчлал, санхүүжилтийн тогтолцоо, менежментийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг тусгахаар төлөвлөжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Хан Хэнтийн нуруу, хангай нуруу, монгол алтайн нуруу, говь, хээрийн экосистемүүдийг улсын тусгай хамгаалалтад авсан. Мөн Хөвсгөл, Увс, хар ус, Тэрхийн цагаан, буйр зэрэг томоохон нууруудаас гадна Орхон, Туул, Хэрлэн, Онон зэрэг томоохон голуудын эхийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Өөрөөр хэлбэл, уг хууль нь монгол улсын экологийн аюулгүй байдлыг хангах, байгалийн бүс бүслүүр, ховор ан амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг байгуулах, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг байна.