Ираны дайны улмаас дэлхий дахинд эрчим хүчний хямрал нүүрлэх эрсдэлтэй байгаа энэ цаг үед Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди ард иргэддээ хандан онцгой уриалга гаргалаа. Тэрээр улс орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд иргэн бүрээ алт худалдан авахгүй, гадаад аяллаа хойшлуулж, автомашин ашиглалгүй зайнаас ажиллаж, хэмнэлтийн горимд шилжихийг хүссэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ираны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт болон валютын хомсдолоос улс орноо хамгаалахын тулд иргэн бүрээ хэмнэлтийн горимд шилжихийг уриалж, эх оронч шийдвэр гаргахыг хүслээ. Шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол замын хөдөлгөөнийг бууруулах явдал тул боломжтой бүх салбарын ажилтан, алба хаагчдыг гэрээсээ ажиллахыг тэрээр уриаллаа. Валютын гарах урсгалыг сааруулахын тулд ирэх нэг жилийн хугацаанд гадаад руу аялал жуулчлалаар явахгүй байх, гадаадад өндөр зардлаар хурим найр хийхээс татгалзахыг бас сануулжээ. Энэтхэгчүүдийн уламжлалт хэрэглээ болох алтны худалдан авалтыг зогсоож, хөрөнгөө валют шавхдаг металл бус дотоодын үйлдвэрлэлд мөнгөө оруулахыг Нарендра Моди уриалж байна. Хувийн автомашинаасаа татгалзаж, метро болон автобусаар зорчих, боломжтой бол цахилгаан тээврийн хэрэгсэл сонгохыг "Эх оронч сонголт" гэж тодорхойлжээ.
Гадаадаас импортолдог тансаг зэрэглэлийн бараа, тэр дундаа хүнсний тос, химийн бордооны хэрэглээг 50 хүртэл хувиар бууруулж, "Made in India" буюу дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхийг энэтхэгийн эрх баригчид хүссэн байна. Нарендра Моди Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралыг зөвхөн төр засгийн бус, иргэн бүрийн оролцоотойгоор даван туулах ёстой гэж хэллээ. Тэрээр "Эх оронч үзэл гэдэг бол зөвхөн фронт дээр буу барьж зогсох биш, хүнд цагт улсынхаа валютын нөөцийг хамгаалж, хариуцлагатай амьдрахыг хэлнэ" хэмээн онцлон мэдэгдлээ. Уг мэдэгдлийн дараа Энэтхэгийн мэдээллийн технологийн аварга компаниуд ажилтнуудаа зайнаас ажиллуулах төлөвлөгөөгөө яаралтай шинэчилж , цар тахлын авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ дахин сэргээхээр бэлтгэж эхэлжээ. Мөн тус улсын аялал жуулчлалын салбарынхан дотоодын аялагчдад илүү анхаарал хандуулахаа уламжилсан байна. Олон улсын шинжээчид Модигийн энэ алхмыг дэлхийн хамгийн том импортлогч орнуудын нэг болох Энэтхэгийн хувьд эрсдэлээс сэргийлэх маш зоримог, стратегийн шийдвэр гэж үнэлж байна.