Тайландын ерөнхий сайд асан, тэрбумтан Т.Шинаватра шоронгоос суллагдлаа

Тайландын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий бөгөөд маргаантай улс төрчдийн нэг Такшин Шинаватра 8 сар шоронд хоригдсоны эцэст суллагдсан гэж мэдээллээ. Тэрээр 2001-2006 оны хооронд Тайландын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн эрүүгийн болон эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байсан юм. 

Тэрээр эхнэртээ Бангкок хотын төвд засгийн газрын мэдлийн газрыг зах зээлийн үнээс хэт хямд худалдаж авахад нь тусалсан нь тогтоогдсон, мөн өөрийн эзэмшлийн компанид давуу тал олгохын тулд татварын хууль тогтоомжийг өөрчилсөн, цаашилбал улсын мөнгийг хувьдаа завшиж, хамаарал бүхий компаниудаараа дамжуулан мөнгө угаасан зэрэг хэрэгт буруутгагдсан юм. 2006 онд гарсан цэргийн эргэлтээр албан тушаалаасаа буусаа Такшин Шинаватра шоронд орохоос зугтаж, 15 жил гадаадад дүрвэж амьдарсан юм. Харин 2023 оны 8-р сард тэрээр эх орондоо ирмэгцээ нисэх онгоцны буудлаас баривчлагдаж, шүүхээс дээрх хэргүүдэд нь нийт 8 жилийн ял оноож байжээ.  Гэвч Тайландын хааны өршөөлөөр Шинаватра ял нь 1 жил болгон бууруулж байсан бол өдгөө ялаа ч бүрэн эдлэлгүй эрүүл мэндийн шалтгаанаар цагаасаа өмнө суллагдсан байна. 

Тэгвэл Тайландын иргэд Такшин Шинаватраг сулласан нь  хууль ёсны үйл явц гэхээсээ илүүтэйгээр түүний байгуулсан нам болон хуучинсаг үзэлтэй цэргийнхэн хоорондын "Нууц тохиролцоо" гэж хардаж байна.  Мөн тус улсын сөрөг хүчин болон шүүмжлэгчид Такшин Шинаватраг одоогийн засгийн газарт хэт их нөлөө үзүүлж, хөшигний ардаас улс орноо удирдах вий гэхээс болгоомжилж байгаагаа хэвлэлд ярьжээ.