Д.Трамп Ираны энхийн саналыг “Хог” гэж тодорхойлсноор гал зогсоох тохиролцоо “Амь тариа” төдий боллоо

Ойрх дорнодын хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэх сүүлчийн найдвар гэгдэж байсан АНУ, Ираны хэлэлцээ мухардалд орлоо. Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрх баригчдын хүргүүлсэн энхийн саналын нөхцөлийг “Хог ” гэж тодорхойллоо. Мөн тэрээр АНУ, Ираны гал зогсоох тохиролцоо “Амьсгал хураахад ойрхон” байгааг онцлон хэллээ. 

Д.Трамп АНУ, Иран хоёр хэлэлцээний ширээнээс босоход ойрхон байгааг зарласны зэрэгцээ хэрэв дипломат яриа хэлэлцээ мухардвал цэргийн томоохон ажиллагаагаа дахин эхлүүлэхэд бэлэн байгаагаа анхаарууллаа. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Трамп армийн генералууд болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ уулзаж, дараагийн алхмуудыг хэлэлцэж эхэлснээ мэдэгдлээ. Түүнчлэн ормузын хоолойгоор хөлөг онгоцнуудыг хамгаалалтад дор нэвтрүүлэх "project freedom" ажиллагааг сэргээж магадгүй ч, энэ удаад цэргийн ажиллагаа нь зөвхөн хамгаалалт биш, харин "илүү том цэргийн ажиллагааны зөвхөн нэг хэсэг" байх болно гэдгийг тэрээр онцоллоо. Трамп "Бидэнд ямар ч дарамт байхгүй. Бид бүрэн ялалт байгуулах болно" гэж хэлсэн нь АНУ буулт хийхгүй, шаардлагатай бол хүчээр асуудлыг шийднэ гэсэн мессежийг Техранд өгч байна. Үүнтэй зэрэгцэн Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн байгууламжууд руу нэвтэрч, баяжуулсан ураныг нь гаргаж авах сонирхолтой хэвээр байгаа гэж мэдэгдлээ. 

Тэгвэл Ираны эрх баригчдын сөрөг санал нь зөвхөн гал зогсоох төдий биш, харин бүс нутгийн Геополитикийн статусаа баталгаажуулахад чиглэж байна. Техран дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20-30 хувь нь дамжин өнгөрдөг ормузын хоолойн стратегийн усан замыг өөрийн хяналтад бүрэн авах, АНУ-ын хориг арга хэмжээний улмаас учирсан эдийн засгийн хохирол, агаарын цохилтын уршгаар учирсан дэд бүтцийн хохирол зэргийг нөхөн төлүүлэх, эдийн засгийн болон тэнгисийн цэргийн бүх төрлийн хоригийг нэн даруй зогсоохыг шаарджээ. Харин Д.Трамп  эдгээр саналыг "уншиж ч дуусгалгүй хог руу шидсэн" гэдгээ тодотголоо. Тэрээр Ираны удирдагчдыг "шийдвэрээсээ буцдаг, итгэлгүй хүмүүс" гэж тодорхойлсон байна. 

Харин Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи тус улсын хариу саналыг "Ираны хууль ёсны эрх ашгийг хамгаалсан, ухаалаг бөгөөд өгөөмөр санал" гэж тодорхойлжээ. Тегеран АНУ-ын шаардлагыг "нэг талыг барьсан, үндэслэлгүй" гэж шүүмжилсэн байна. Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф Исламын улс АНУ-ын аливаа түрэмгийлэлд "Сургамж болохуйц хариу барихад" бүрэн бэлэн байна. Бид бүх хувилбарт бэлтгэлтэй байгаа, дайснууд маань гэнэтийн бэлэг хүлээж авах болно" гэж мэдэгджээ.