Манай улсын нэг сувилагчид дунджаар 228 иргэн ногдож байна

Өчигдөр олон улсын сувилагчдын өдөр тохиолоо. Тус өдрийг тохиолдуулан төрийн ордонд “сувилагч тандаа баярлалаа-2026” зөвлөгөөн зохион байгуулж, улсын өнцөг, булан бүрээс 800 орчим сувилагч оролцлоо. Зөвлөгөөнөөр сувилагч нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг асуудлаар хэлэлцэн, тэмдэглэсэн байна. 

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог олон улсын сувилагчдын өдрийг энэ жил “цогц чадамж-сувилагчийн үнэ цэн” уриа дор тэмдэглэж байна. Энэхүү өдөр нь сувилагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, манлайлал, нийгэмд оруулж буй үнэт хувь нэмрийг онцлон тэмдэглэдгээрээ онцлогтой. Цар тахлын хүнд жилүүдэд олон мянган иргэний амийг авран хамгаалж, эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд ажилласан сувилагчдын хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, “сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн төрийн ордонд зохион байгууллаа. Манай улс өнөөдрийн байдлаар 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг бүрдүүлж байна. Гэвч 1000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2-3 дахин бага үзүүлэлт хэвээр байна. Товчхондоо нэг сувилагч дунджаар 228 хүнд үйлчилгээ үзүүлж байгаа нь салбарын ачаалал өндөр байгааг харуулж байна. Иймд сувилагчдын цалин, нийгмийн баталгааг сайжруулах бодлого үргэлжилж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг энэ онд 75 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 30 хувийн нэмэгдэл хэрэгжээд байна. 

“Сувилагч тандаа баярлалаа-2026” зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцож, салбарын ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашдын гарц шийдлийг хэлэлцлээ. Зөвлөгөөнд зөвхөн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар төдийгүй сувилахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг багш, докторууд, мөн энхийг сахиулах болон хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй цэрэг эрсийн эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүргийг давхар хүлээсэн цэргийн сувилагч нар оролцсон юм.

Олон улсын сувилагчдын өдрийг дэлхий даяар сувилахуйн ухааны үндэслэгч, “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн алдаршсан Флоренс Найтингейл-ийн төрсөн өдөрт зориулан тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэ өдрийг 1995 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд сувилагч бол хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хүч гэдгийг энэ өдөр дахин сануулж байна.