Энэ оны 4-р сард улсын хэмжээнд инфляцын түвшин 10.1 хувьтай гарлаа. Энэ нь ойрх дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор түлш, шатахууны үнийн нэмэгдэл бусад бараа бүтээгдэхүүн рүү шилжсэнээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цаашлаад ирэх намар хүртэл инфляцын дарамт үргэлжлэх магадлалтай гэдгийг эдийн засагч онцоллоо.
Үндэсний статистикийн хорооноос хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар өссөн гэдгийг мэдээлсэн. Ингэхдээ улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 10.9 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувиар, хүнсний бүлгийн үнэ 19.3 хувиар хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар өнгөрсөн оны мөн үеэс тус тус өссөн үзүүлэлттэй байна. Улмаар 2025 оны мөн үед инфляцын түвшин 8.6 хувь байсан бол энэ сард 10.1 хувь болж, өсөлтийн хурд 1.5 нэгж хувиар өсжээ.
Улмаар дэлхий дахинд үүсээд буй хурцадмал нөхцөл байдлаас хамааран түлх, шатахууны үнийн нэмэгдэл бусад бараа, бүтээгдэхүүнд нөлөөлж инфляцын дарамт улам нэмэгдэж байна. Ингэхдээ нөхцөл байдал ирэх намар хүртэл үргэжлэх магадлалтай бөгөөд дараа сард 1-2 хувиар өсөх төсөөлөлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл ойрх дорнодын нөхцөл байдал хэрхэхээс хамаарч нийлүүлтээс үүдсэн инфляцын түвшин, эдийн засгийн шок хэр удаан үргэлжлэх нь тодорхой болох юм байна.
Тэгвэл холбогдох байгууллагаас инфляцын түвшинг хязгаарлах хүрээнд бодлогын арга хэмжээ авч байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдлыг ажиглан цаашдын алхмыг төлөвлөж байна. Хэрэв инфляцын дарамт улам нэмэгдсээр байвал иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж нэн ялангуяа дундаж давхарга огцом хумигдах эрсдэлтэй төдийгүй улсын хэмжээнд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай тулгарна. Иймд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хоёрдогч эх үүсвэрийг бий болгох, газар тариалангийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.