Өнгөрсөн нэг сарын хугацаанд скүүтер, мопедтой холбоотой 5400 гаруй зөрчил илэрсэн байна

Өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй 2800 осол, гэмтэл бүртгэгдэж байсан. Харин энэ жилээс осол, эндэгдлийг бууруулж,  хэрэглээнд хяналт тавих зорилгоор олон нийтийн цагдааг ажиллуулж эхэлсэн юм. Үүний үр дүнд өнөөдрийг хүртэл сар гаруйн хугацаанд 5400 гаруй зөрчил илрүүлжээ. Гэвч түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд одоог хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. 

Өнгөрсөн нэг сарын хугацаанд олон нийтийн цагдаа ажиллаж эхэлснээс хойш хоёр дугуйт тээврийн хэрэгсэл, мопед, скүүтер зэрэг хэрэгслээр явган хүний замаар зорчсон 1.702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1.197, явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1.002 зөрчлийг тус тус илрүүлжээ. Мөн 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулсан байна. Харин түрээсийн үйлчилгээ эрхэлдэг 7 аж ахуй нэгжид өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна

Энэ жилээс 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унахыг хориглосон. Гэвч насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697 удаагийн зөрчил илэрсэн байна. Угтаа насанд хүрээгүй хүүхдийг унахаас сэргийлэх зорилгоор “И-Монголиа” цахим системээр нэвтэрч түрээслэх зохицуулалттай. Гэтэл 16 нас хүрээгүй хүүхдүүд түрээсэлж байгаа нь хориглосон журмын хэрэгжилт сул байгааг харуулж байна.түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн “И-Монголиа” системээр нэвтэрч бага насны хүүхдэд унуулсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно гэж мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсон нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин иргэдийн зүгээс аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох шаардлагатай бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүддээ дүрэм, журмыг сайтар ойлгуулах хэрэгтэй гэдгийг онцолж байна.

Бага тойруу доторх 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавин ажиллаж байгаа ч скүүтер, мопедтой иргэд явган хүний замаар зорчсон хэвээр байна. Уг нь  авто замын баруун хөвөөгөөр зорчих зохицуулалттай. Гэвч авто замын баруун хөвөө хангалтгүй, мөн жолооч нар зам тавьж өгдөггүй зэрэг шалтгааны улмаас явган хүний замаар зорчих явдал үргэлжилсээр байгаа юм.