Дэлхийн ихэнх улс орнуудад мотоциклын дууны дээд хязгаарыг 90-99 децибел гэж тогтоосон байдаг бол манай улсад хэт өндөр буюу 105 децибел гэж тогтоожээ. Сүүлийн жилүүдэд нийслэлд дуу чимээ ихтэй мотоциклын тоо нэмэгдсээр байгаад иргэд дургүйцэж байгаа юм.
2026 оны байдлаар манай улсад нийт 42 мянган мотоцикл бүртгэлтэй байгаагаас 16 мянга орчим нь нийслэлд бүртгэлтэй байна. Тэдгээр мотоциклийн дийлэнхийнх нь яндангийн дуу чимээ 100–115 децибел хүрч байгаа нь стандарт хэмжээнээс давсан үзүүлэлт юм.
Авто тээврийн үндэсний төвийн техник хяналтын үзлэгт жилд дунджаар 2500 орчим мотоцикл дуу чимээний стандарт, шаардлага хангаагүйн улмаас тэнцдэггүй байна.
Сүүлийн үед иргэдийн амралтын цагаар өглөө, оройд, мөн шөнийн цагаар орон сууцнын гаднах талбайд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэт өндөр дуу чимээтэй автомашин, мотоциклтой холбоотой гомдол, мэдээлэл нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагад хоногт автомашин, мотоциклын дуу чимээтэй холбоотой дунджаар 5–10 дуудлагаар ирдэг байна.
Өнөөдөр мөрдөгдөж байгаа журмаар зориулалтын бус, хэт өндөр дуу чимээтэй техниктэйгээр авто замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.
Мотоциклыг үйлдвэрээс шинээр гарсан тохиолдолд эхний 2 жилд техникийн үзлэг, оношилгоонд хамруулдаггүй бөгөөд үүнээс хойш жил бүр нэг удаа үзлэгт хамрагдах ёстой байдаг. Стандарт, хэмжил зүйн байгууллагаас тогтоосон стандартаар мотоциклийн дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг 105 децибел байх ёстой. Хэрэв энэ хэмжээнээс давсан тохиолдолд мотоциклийн янданг сольж, зөрчлийг арилгасны дараа техникийн үзлэгт тэнцүүлдэг байна.
Мөн мотоциклыг авто тээврийн үзлэг, оношилгоонд тэнцүүлсний дараа стандарт янданг зориулалтын бусаар сольж, хэт өндөр дуу чимээ гарган авто замын хөдөлгөөнд оролцох тохиолдол гардаг байна. Хэрэв авто замын хөдөлгөөнд зориулалтын бус, хэт өндөр дуу чимээ гаргаж оролцсон тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан, үзлэг оношилгоог хүчингүй болгож, дахин үзлэгт хамруулах шаардлага тавьдаг байна.
Түүнчлэн орон сууцны хороолол дунд 22:00 цагаас хойш чанга дуу чимээ гаргахыг хориглодог ч иргэд тэр бүр ухамсарлаж мөрддөггүй байна. Үүний улмаас хэт өндөр дуу чимээ нь өндөр настнуудын нойрыг сэргээх, бага насны хүүхдүүдийг айж цочоох зэрэг эмгэгтэй болгодог байна. Иймээс иргэдийг орон сууцны хороололд хэт өндөр дуу чимээ гаргахгүй байж, бусдын амгалан тайван байдлыг хүндэтгэхийг иргэд шаардаж байгаа юм.