Манай улсын нийт өрхийн 71 хувь нь зээлтэй байна

Өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж зарлага орлогоосоо 90 мянган төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд нийт өрхийн 71 орчим хувь нь зээлтэй амьдарч байгаа бөгөөд зээлдээ сард дунджаар 1.3 сая төгрөг төлдөг байна. Энэ нь иргэдийн зарлага орлогоосоо давж, зээлийн хамааралд өртсөн байгааг илтгэж байна. Хэдийгээр уг асуудал нь олон талтай ч иргэдийн зүгээс нэн тэргүүнд санхүүгийн төлөвлөлт хийж байх шаардлагатай гэж эдийн засагчид хэлж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 3 сая гаруй төгрөг байгаа бол зарлага 3 сая 1 зуун мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл өрхийн зарлага орлогоосоо давсан гэсэн үг. Ингэхдээ орлогын дийлэнх хувийг цалин, хөлс бүрдүүлж байгаа бол зарлагын ихэнх хэсгийг хүнс болон хүнсний бус бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Үүнээс үүдэн иргэд хэрэглээгээ хангахын тулд зээл авахаас өөр аргагүй нөхцөлд ордог байна. Цаашлаад урт хугацаандаа зээлээ төлөхийн тулд дахин өөр зээл авах тохиолдол ч гардаг гэдгийг иргэд хэлж байна.

Өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар манай улсын нийт өрхийн 71 орчим хувь нь зээлтэй амьдарч байгаа бөгөөд 2024 оны мөн үеэс 5.4 нэгж хувиар өссөн үзүүлэлт. Тодруулбал нэг өрх дунджаар 20 гаруй сая төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ нийт өрхийн 41 орчим хувь нь цалингийн, 30 орчим хувь нь хэрэглээний, 24 гаруй хувь нь тэтгэврийн, 15 гаруй хувь нь орон сууцны, 32 хувь нь бусад төрлийн зээлтэй байгаа юм. Цаашлаад дээрх зээлийн дийлэнх нь импортын бараа үйлчилгээнд зарцуулагддаг бөгөөд богино хугацаандаа эерэг нөлөөтэй ч урт хугацаандаа хувь хүн, өрх, улс орны хэмжээнд санхүүгийн системийн эрсдэлийг бий болгодог. Угтаа санхүүгийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд орлогоосоо давсан зээл авахгүй байх хэрэгтэй бөгөөд олон улсад өрийн хэмжээ орлогын 35 хувиас доош байвал эрсдэл багатай гэж тооцогддог. Гэсэн ч манай улсын хувьд нөхцөл байдал эсрэгээрээ буюу иргэдийн зарлага орлогоосоо давж, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Тэгвэл уг асуудал нь олон талтай хэдий ч хамгийн эхэнд иргэд өр, орлогын тэнцвэрээ хадгалаж, санхүүгийн зохистой төлөвлөлт хийх нь нэн чухал гэж эдийн засагчид хэллээ.

Улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед санхүүгийн төлөвлөлт хийх нь тухайн иргэний өөрийн ухамсар, хариуцлагын асуудал болоод байна. Жишээлбэл сарын 2 сая төгрөгийн орлоготой ч банк болон бусад санхүүгийн байгууллагын зээлийн өрөнд орлогынхоо 50 хувийг зарцуулж, шаардлагагүй хэрэглээнд үлдсэн хэсгээ зарцуулаад л байвал нөхцөл байдал дээрдэх эсэх нь эргэлзээтэй. Угтаа зээл гэдэг нь огтоос хэрэггүй зүйл биш бөгөөд үр ашигтай зарцуулж, өр, орлогын тэнцвэрээ хадгалах нь нэн чухал асуудал болоод байгааг иргэд болон эдийн засагчид хэлж байна.