Өнгөрсөн 4-р сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн нь сүүлийн гурван жилийн хугацаанд бүртгэгдээгүй дээд үзүүлэлт болжээ. Уг огцом өсөлтөд ойрх дорнод дахь дайн болон Д.Трампын засаг захиргааны гаалийн татварын бодлого шууд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна
4-р сард хэрэглээний үнийн индекс ердөө ганцхан сарын дотор 0.6 хувиар өссөн байна. Инфляц хөөрөгдөх гол шалтгаан нь эрчим хүчний үнэ байсан гэж мэдээлж байна. Тэр дундаа шатахууны үнэ жилийн өмнөхөөс 28.4 хувиар огцом өсөн нэмэгджээ. Өдгөө Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр брент маркийн газрын тосны үнэ 107 ам.доллар давсан байна. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үнэ сарын хугацаанд 0.5 хувиар өссөн бөгөөд үхрийн махны үнэ 2.7 хувиар, гахай, тахианы мах 2 хувиар тус тус өссөн нь сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй дээд үзүүлэлт байна.
Түүнчлэн онгоцны тийзийн үнэ өмнөх оноос 20.7 хувиар өссөн нь зуны аялал жуулчлалын улирал эхлэх үед иргэдийн халаасанд хүнд цохилт болж эхэлжээ. Мөн байрны түрээс болон орон сууцны зардал 0.6 хувиар өсжээ. Хэлбэлзэл ихтэй хүнс, эрчим хүчний салбарыг хасаж тооцдог суурь инфляц өмнөх оноос 2.8 хувиар өссөн нь үнийн өсөлт зөвхөн түлшээр хязгаарлагдахгүй, эдийн засгийн бусад салбарт халдварлаж эхэлснийг харуулж байна. Эдийн засагчид сүүлийн 3 жилд анх удаа инфляцын түвшин иргэдийн цалингийн өсөлт болох 3.6 хувийг давч гарсныг анхааруулж байна. Энэ нь иргэдийн бодит худалдан авах чадвар буурч, дундаж орлоготой өрхүүд санхүүгийн хямралт өртөж эхэлснийг илтгэж байна. Ийнхүү инфляц хүлээлтээс давсан тул АНУ-ын Төв банк энэ зун зээлийн хүүгээ бууруулах төлөвлөгөөгөө хойшлуулахаас өөр аргагүй болж байна. Шинжээчид хүүг 2027 он хүртэл бууруулахгүй барьж магадгүй гэж таамаглаж байна. Уг мэдээллийг танилцуулсны дараа Уолл Стрит дэх хувьцааны ханшууд унаж, ам.долларын индекс чангарлаа. Үнийн өсөлтийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд Доналд Трамп шатахууны холбооны татварыг түр хугацаагаар царцаана гэдгээ мэдэгдсэн ч шинжээчид үүнийг үр дүнгүй, түр зуурын арга хэмжээ гэж үзэж байна