Манай улсад жил ирэх тусам хийн түлшний хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага тулгарч байна. Тухайлбал, БНСУ-д үүнтэй холбоотой тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалт байдаг бол манай улсад хийн салбарт зориулсан бие даасан хууль одоогоор байхгүй. Иймд өнөөдөр манай улсын хийн салбарын хөгжил, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хийн аюулгүй байдал, технологи–2026” зөвлөгөөнийг зохион байгуулж, БНСУ-ын туршлагаас судалжээ.
Улсын хэмжээнд хийн түлшний хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж, айл өрх, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шингэрүүлсэн болон шахсан хийн хэрэглээ өргөжиж байна. Гэвч хийн түлшний хангамж, нийлүүлэлт, аюулгүй ажиллагааны нэгдсэн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас шалтгаалан осол, аваарын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд салбарын төлөөллүүд хийн түлштэй холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгож, хяналт, стандартын шаардлагыг тодорхой болгох гадны улс орны туршлагаас судлах шаардлагатай байгааг онцолж байна.
Зөвлөгөөний үеэр Монгол улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал, жижиг оврын хийн импорт, хадгалалт, хэрэглээний орчны шинжилгээ, нүүрснээс хийн түлшинд шилжих бодлого, БНСУ-ын хийн аюулгүй байдлын туршлага, хийн тоног төхөөрөмж болон дэд бүтцийн технологийн шийдлүүд, мөн Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо. Тус зөвлөгөөнд хий импортлон оруулж ирдэг дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, салбарт тулгамдаж буй түлштэй холбоотой хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгааг онцолсон юм.
Зөвлөгөөний хүрээнд Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн B2B уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны санал солилцох уулзалтууд боллоо. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь Монгол улсад хийн салбарын аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулах, дэвшилтэт технологийг нутагшуулах, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.