НӨАТ-ын шаталсан татварын тогтолцоог цуцалж, цалингийн 792 мянган төгрөг хүртэлх хэсэгт ХХОАТ тэглэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр эдийн засгийн хүндрэл, төсвийн сахилга бат яригдсан ч бодит байдал дээр төр зардлаа танахаас илүүтэй дахин аргацаах бодлого руу орж байна гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Учир нь НӨАТ-ын шаталсан татварын тогтолцоог татварын хуулийн төсөлд тусгана гэж байсан ч эргүүлэн татсанаар инфляц, орлогын дарамт нэмэгдсэн үед татвар төлөгчдөд ирэх боломжийг хаана гэж үзэж байгаа юм. 

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх амлалтаа засгийн газар эдийн засгийн эрсдэл үүснэ хэмээн тайлбарлан цуцалсан юм. Улмаар, иргэдэд очих дэмжлэгийг буцааж татах болж байна. Инфляц, татварын дарамт нэмэгдсэн үед татвар төлөгчдөд ирэх дарамтыг бууруулах боломжтой байсан хөнгөлөлт ийнхүү хойшилж байна. 

Мөн төсвийн тодотголыг 3 сарын дотор өргөн барихыг хориглосон зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан нь төсвийг илүү уян хатан болгоно хамгийн гол нь зуны 3 сарын хугацаанд төсвийн тодотгол хийснээр хугацаа алдахгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэсэн ч нөгөө талдаа төсвийг ойр ойрхон өөрчилдөг, төлөвлөлтгүй байдлыг улам хэвийн үзэгдэл болгох эрсдэл дагуулж байна гэдгийг УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр жил бүр хэт өөдрөг төсөв баталж, дараа нь орлого тасарсан шалтгаанаар тодотгол хийдэг, төсөвт олон шинэ төсөл шахаж оруулдгаас үр ашиггүй зардал өсдөг асуудлыг ч шүүмжилсэн. Төсвийн сахилга ярьдаг атлаа урсгал зардал тэлсээр, бодит реформ хойшилсоор байгааг гишүүд хөндсөн юм.

Үүнээс гадна УИХ дахь ёс зүй, хариуцлага, ил тод байдлын асуудал яригдаж, худал мэдээлэл, үндэслэлгүй гүтгэлэг газар авч байгааг анхааруулсан байна. Цаашид гадаад томилолт болон төрийн зардлын мэдээллийг илүү нээлттэй болгох шаардлагатайг УИХ-ын гишүүд онцоллоо. Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр олон маргааныг дагуулсан ч УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн байна.