ХХОАТ-ын хувийг бууруулж, 10 хувиас 1 хувь болгох хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгээс дэвшүүлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар ерөнхий сайд учрал ХХОАТ-аас хамаарч орон нутгийн төсвийн 90 гаруй хувь тасрах тул тус хуулийн төслийг дэмжихгүй оронд нь цалингийн 792 мянган төгрөгт ногдох ХХОАТ-ыг тэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах нь орон нутгийн төсвийн бие даасан байдалд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй байна. Учир нь энэхүү татвар нь нийслэл болон аймаг, орон нутгийн төсвийн гол эх үүсвэрийн нэг бөгөөд татварын хэмжээг 1 хувь болговол орон нутгийн төсвийн орлогын 90 гаруй хувь тасалдах нөхцөл үүснэ гэдгийг ерөнхий сайд анхаарууллаа. Хэрэв төв татварыг бууруулбал орон нутаг санхүүжилтгүй болж, улсын төвлөрсөн төсвөөс дахин татаас авах хамаарал нэмэгдэх байна. Энэ нь төсвийн төвлөрлийг улам гүнзгийрүүлж, орон нутгийн бие даасан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх боломжийг хумих эрсдэлтэй гэлээ.
Тэгвэл хууль санаачлагч УИХ дахь АН-ын бүлгээс ХХОАТ-ыг 1 хувь болгосноор иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэж, энэ нь эргээд хэрэглээ болон эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж тайлбарлаж байсан.
Урт хугацаанд яригдан, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан ХХОАТ-ын хувийг бууруулах талаарх хуулийн төсөл ийн УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө унах төлөвтэй байна. Учир нь ХХОАТ-ыг 1 хувь болговол үүссэн санхүүгийн дутагдлыг нөхөх бодит эх үүсвэр хязгаарлагдаж, эцсийн дүндээ гадаад зээл, тусламжид илүү түшиглэхээс өөр аргагүй байдалд хүрэх магадлалтай байна. Энэ нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалд ч сөрөг дарамт учруулж болзошгүй гэдгийг ерөнхий сайд хэллээ.