Манай улс сүүлийн 20 жилийн хугацаанд эрчимтэй хотжиж, зарим дүүрэг, аймгийн төвүүдийн даац хэтэрч нийгэм, эдийн засагт сөрөг үр дагаврыг бий болгожээ. Тодруулбал нийслэл хотод нийт ААН, байгууллагуудын 70 хувь нь үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Харин нийт оршин суугчдын тоо 1.4 саяд хүрсэн. Иймд хот байгуулалтын тогтолцоог нарийвчлан тодруулж, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд анхаарах ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Өнөөдөр хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тухайлбал манай улсад анх 1998 онд хот байгуулалтын тухай хууль батлагдаж, одоогийн суурь тогтолцоо бүрдэж байсан. Үүний дараа 2008 онд уг хуулийг шинэчилж, баталснаас хойш 9 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон юм. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа төдийгүй нийт 56 давхардал, хийдэл, зөрчил байгаа нь тогтоогдсон. Улмаар бүс нутгийн хөгжлийн ялгаа, төв суурины хэт нягтаршил эрс нэмэгдэж нийгэм, эдийн засагт томоохон алдагдлыг бий болгоод байгаа.
Тодруулбал манай улсын хотжилтын түвшин 68 орчим хувьд хүрч, бүсийн болон аймгийн төвүүдэд нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж байна. Ингэхдээ нийслэл хотод нийт аан, байгууллагуудын 70 хувь нь үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа бол оршин суугчдын тоо 1.4 саяд хүрээд байгаа юм. Иймд шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд хот байгуулалтыг бүсчлэлийн хэлбэрээр зохицуулах, холбогдох хүмүүсийн эрх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох, бүтээн байгуулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн шаардлагыг хангах, төр болон хувийн хэвшлийн уялдаа холбоог нэмэгдүүлэх зэргийг тусгана гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.
Түүнчлэн хотын стандартын хүрээнд барилга байгууламжид тодорхой шаардлага тавигдах нөхцөл бүрдэх юм байна. Жишээлбэл нийслэл хотын төв, түүхэн дурсгалт газар, суурьшлын бүсүүдэд баригдах барилгын давхарт зарим төрлийн шаардлагууд тавигдана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Үүнээс гадна манай улсын хувьд барилга байгууламжууд олон тоогоор нэмэгдэж байгаа ч инженерийн дэд бүтцийн асуудал удаан хугацаанд тулгамдаж ирсэн. Иймд энэ чиглэлд анхаарч, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм байна.
Энэхүү хуулийн төсөл нь 10 бүлэг, 60 зүйлтэй бөгөөд зураг төслийн хот байгуулалтаас дүрэмд суурилсан хот байгуулалт руу шилжих суурь бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хуулийн төслийг энэ сардаа багтаан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм.