Тайланд улс гадаадын жуулчдыг визгүй хүлээж авах хугацаандаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн Пүрэв гарагт тус улсын Засгийн газар одоогийн мөрдөж буй 60 хоногийн визгүй зорчих хугацааг хоёр дахин богиносгож, 30 хоног болгохоор хэлэлцэж байгаа юм байна.
Тайландын Дотоод хэргийн яам болон цагаачлалын албанаас аялал жуулчлалын дүрмийг чангаруулах шинэ журмын төслийг боловсруулсан байна. Шинэ зохицуулалтаар гадаадын иргэдийн визгүй зорчих хугацааг 30 хоног болгон цөөлөхөөр тусгажээ.
Тус улсын эрх баригчид жуулчдыг татах зорилгоор өнгөрсөн хугацаанд визгүй зорчих хугацааг 60 хоног болгон сунгаад байсан юм. Гэвч энэхүү хөнгөлөлтийг далимдуулан гадаад иргэд хууль бусаар хөдөлмөр эрхлэх, визний хугацаа хэтрүүлэн оршин суух зөрчил үлэмж хэмжээгээр нэмэгдсэн тул ийнхүү хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Гэхдээ жуулчид Тайландад ирснийхээ дараа хугацаагаа сунгах хүсэлтэй бол цагаачлалын албанаас дахин 30 хоногийн сунгалт авах боломжийг нээлттэй үлдээх ажээ. Энэхүү журам албан ёсоор батлагдвал Монгол улсын иргэдэд ч мөн адил үйлчлэх юм байна. Гадаадын иргэд, тэр дундаа БНХАУ, ОХУ-ын бүлэг жуулчид бүртгэлгүй зочид буудал, жижиг орон сууцыг түрээслэх, хөтөч хийх зэргээр нутгийн иргэдийн бизнесийг булааж, эдийн засгийн хохирол учруулж эхэлсэн байна. Мөн урт хугацаагаар визгүй зорчих боломжийг ашиглан цахим луйврын сүлжээ байгуулах, зэвсэг хууль бусаар нэвтрүүлэх зөрчил ихэссэн тул ийнхүү шинээр журам оруулахаар болсон байна.