Ногоон зээлийн хугацааг 60 сар болгон уртасгаж, хэрэглээний зээлийн ангиллаас гаргана

МУ-ын Ерөнхий сайд өнгөрсөн 7 хоногт банк, санхүүгийн болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн юм. Тэрээр “Чөлөөлье” хөтөлбөрийн ногоон хөгжлийн хүрээнд зээлийн хугацааг 60 сар болгож, хэрэглээний зээлийн ангиллаас гаргах талаар хөндсөн байна. Түүнчлэн ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагуулж банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар уулзалтын үеэр онцолжээ.

Банк санхүүгийн салбарт 2019 онд ногоон таксономийг баталж, ногоон зээлийн тайлангийн тогтолцоог нэвтрүүлж байсан. Улмаар 2022 онд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг” баталж байжээ. Ийнхүү өнгөрсөн 7 хоногт ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд хугацааг 60 сар болгож, хэрэглээний зээлийн ангиллаас гаргаж байгааг мэдэгдлээ. Ингэснээр нарны хавтан, хураагуурын сарын төлөлт 40 хувиар буурч, 5 жилийн хүү нь хүрэн зээлээс 4-6 хувиар хямд байх боломжтой. Үүгээр зогсохгүй цаашид эх үүсвэрийг төрөлжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авна гэдгээ ерөнхий сайд онцоллоо. Эдгээр нь эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтийн бодит эхлэл гэж холбогдох хүмүүс үзэж байна.

Цаашлаад ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал 13 жилийн хугацаанд ипотекийн зээлээр 145 мянга орчим өрх орон сууцтай болсон юм. Үүнээс гадна арилжааны банкуудын өөрсдийн эх үүсвэрээр олгож буй зээл өсөж, нийт орон сууцны зээлийн 62 хувийг бүрдүүлж байгаа юм. Гэсэн ч орон сууцны зээлийн нийлүүлэлт хэрэгцээндээ хүрэлцэхгүйгээс үүдэн 47 мянга гаруй хүсэлт хүлээлгийн жагсаалтад байна. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулахаас гадна орон сууцжуулалтын банк байгуулахаар ажиллаж байгаагаа онцоллоо.

Тэгвэл банк, санхүүгийн салбар болон хувийн хэвшлийн төлөөллүүд санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хугацааг илүү уртасгах нь зохистой гэдгийг хэлж байна. Тухайлбал ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд дан ганц зээлийн таатай нөхцөл хангалтгүй. Тодруулбал цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд анхаарч байгаа ч манай улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарын алдагдал тулгамдсан асуудал болоод байгаа юм. Үүгээр зогсохгүй ногоон үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөө хэрэгтэй гэдгийг салбарын төлөөлөл онцолж байна.

Түүнчлэн тус уулзалтын үеэр Ерөнхий сайд бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн мэдүүлнэ гэдгээ хэллээ. Ингэхдээ зөвшөөрөл, дүрэм, журам, хөрөнгө оруулалттай холбоотой 100 хуульд өөрчлөлт оруулах юм байна. Мөн банкны тухай хуулиар гадаадын банк үйл ажиллагаа явуулах эрх зүйн чөлөөлөлт хийнэ гэдгээ онцолж байсан юм.