Энэ оны 4-р сард инфляц 2 оронтой тоонд хүрч, ирэх саруудад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжлэх магадлалтай байгаа. Иймд орлогын өсөлт хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн нэмэгдлийг гүйцэхгүй байгаа энэ үед иргэд болоод төр засгийн зүгээс одоогийн орлогыг хамгаалах, ирээдүйд орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах, мөн иргэдийн санхүүгийн төлөвлөлт нэн ач холбогдолтой байгааг эдийн засагчид анхааруулж байна.
Үндэсний статистикийн хорооноос хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар өссөн гэдгийг мэдээлсэн. Ингэхдээ хүнсний бүлгийн үнэ хамгийн өндөр буюу 19.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь Ойрх дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор түлш, шатахууны үнийн нэмэгдэл бусад бараа бүтээгдэхүүн рүү шилжиж байгаагаас үүдэлтэйг холбогдох хүмүүс тайлбарласан. Улмаар иргэдийн зүгээс амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа төдийгүй үнийн нэмэгдэл улам л хүчтэй мэдрэгдэж байгааг хэлж байна.
Инфляцын дарамт нэмэгдэх нь хэд хэдэн шалтгаантай. Манай улсын хувьд хэрэглэгч орон бөгөөд хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дийлэнх хэсгээ импортолдог. Үүнээс үүдэн төгрөгийн ханш сулрах, гадаад зах зээлийн үнэ өсөхөд иргэдийн санхүүд шууд хүндрэл учирдаг. Түүнчлэн цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхэд иргэдийн худалдан авах чадвар өсдөг тул эрэлтээс үүдсэн инфляцын дарамтыг өдөөдөг байна. Эдгээрээс гадна төсвийн тэлэлт мөнгөний үнэ цэнийг бууруулахад хүчтэй нөлөө үзүүлдэг. Цаашлаад олон нийтийн төдийлөн анзаардаггүй буюу зах зээлийн хүлээлт манай улсад инфляц өсөх томоохон шалтгаануудын нэг. Жишээлбэл мөнгө тараана, үнэ өснө гэх хүлээлтээс үүдэн хиймэл эрэлтийг үүсгэж, инфляцыг нэмэгдүүлдэг байна. Мөн Ойрх дорнодын нөхцөл байдлаас эн удаагийн инфляцын өсөлт нийлүүлэлтээс шалтгаалаад байгаа юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд үнийн нэмэгдэл эрчимжиж байгаа ч иргэдийн орлогын өсөлт хангалтгүй байгаа. Өөрөөр хэлбэл цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн мэт боловч бараа, бүтээгдэхүүн худалдан авахад гартаа мөнгөгүй үлдэж буй тохиолдол гэсэн үг.
Үнийн нэмэгдэл дундаж болон түүнээс доош давхаргад хамгийн хүчтэй нөлөөлдөг бөгөөд баян, ядуугийн ялгаа улам л даамжрах эрсдэлтэй. Иймд үнийн нэмэгдэл эрчимжиж, иргэдийн амьжиргааны түвшин буурч байгаа энэ үед санхүүгийн төлөвлөлт хийх нь нэн ач холбогдолтой байна. Жишээлбэл зардалд зориулагдсан зээл авах, шаардлагагүй импортын бараа худалдан авах, хуримтлал төлөвлөлт хийхгүй байх нь бүр л сөрөг үр дагавартай. Үүнээс гадна иргэд болоод төр засгийн зүгээс одоогийн орлогыг хамгаалах, цаашдын орлогын нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг эдийн засагч хэлж байна.
Одоогийн байдлаар холбогдох байгууллагуудаас бодлогын арга хэмжээг авч байгаа. Цаашлаад нөхцөл байдал дордвол бодлогын арга хэмжээгээ чангаруулна. Иймд энэ цаг үед хэн хүнгүй санхүүгийн төлөвлөлт хийх, орлого зарлагадаа тулгуурлан шийдвэр гаргах зайлшгүй хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо.